Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Халзан Бүрэгтэй төсөл: Хагас үйлдвэрлэлийн туршилт 75 хувийн гүйцэтгэлтэй байна

Канадын SGS Lakefield лабораторид Халзан бүрэгтэй ордын газрын ховор элементийн хүдрийг боловсруулах технологийг шалган баталгаажуулах зорилготой хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил явагдаж байгаа бөгөөд гүйцэтгэл нь одоогоор 75 хувьд хүрээд байна. Туршилтаар баяжуулалт болон гүн боловсруулалтын хамгийн тохиромжтой технологийн шийдлийг тодорхойлохын зэрэгцээ үйлдвэрлэлийн боломжит эрсдэлийг тооцоолох, эдийн засгийн үр ашгийг бодит туршилтын үр дүнд үндэслэн үнэлэхээр зорьж байгаа аж.

Төслийн эхний шат болох баяжуулах үйлдвэрийн хагас үйлдвэрийн туршилтыг 2025 оны 6 дугаар сард амжилттай дуусгаж, хүдрээс анхны баяжмалыг гарган авсан. Энэ шатанд соронзон болон хөвүүлэн баяжуулах аргуудыг ашигласан бөгөөд уг технологиуд нь төмрийн хүдэр, зэс, жонш зэрэг ашигт малтмалуудын баяжуулалтад дэлхий дахинд түгээмэл хэрэглэгддэг, найдвартай шийдлүүдэд тооцогддог.

Анхны туршилтаар гарсан баяжмалыг дараагийн шатанд гүн боловсруулалтад оруулж, газрын ховор элементийн нийлмэл ислийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн байна. Ингэснээр түүхий эдийн шатнаас ахиж, дотооддоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах боломжийг судалж байгаа юм.

Одоогийн байдлаар гүн боловсруулах шатны эхний гурван цикл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн түвшний технологийг эцэслэн сонгоход шаардлагатай инженер, техникийн үндсэн өгөгдлүүд цугларчээ. Үлдсэн хоёр циклийг бүрэн дуусгасны дараа хагас үйлдвэрийн туршилтын ажил өндөрлөж, цаашдын үйлдвэрлэлийн технологийн шийдэл тодорхой болохоор байна.