
Алтны үнэ өсөж, төв банкууд эрчимтэй худалдан авалт хийсний үр дүнд алт нь сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа АНУ-ын Төрийн сангийн бондыг гүйцэж, дэлхийн хамгийн том нөөц хөрөнгө боллоо.
Дэлхийн Алтны Зөвлөлийн (World Gold Council) шинэ мэдээллээр, гадаад улс орнуудын төв банкуудын эзэмшиж буй алтны үнэлгээ 4 их наяд ам.долларт дөхөж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын Төрийн сангийн бондын нөөц болох 3.9 их наяд ам.доллароос давсан үзүүлэлт юм. Хамгийн сүүлд 1996 онд гадаадын санхүүгийн байгууллагууд АНУ-ын бондоос илүү их алт нөөцөлж байжээ.
Энэхүү шилжилт нь алтны үнэ өсөж, оны төгсгөлийн өсөлтөөр нэг унц алт 4,500 ам.долларын босгыг давсантай давхцаж байна. Геополитикийн хурцадмал байдал болон төсвийн тогтворгүй байдал нь алтны "аюулгүй хоргодох газар" гэх үнэ цэнийг нэмэгдүүлснээр, алт 2025 оныг бараг 70 хувийн өсөлттэйгээр үдэв.
2026 оны эхний долоо хоногт шар металлын үнэ 3.6 хувиар өсөж, өнгөрсөн жилийн хүчтэй өсөлтийг үргэлжлүүлж байна.
"De-dollarization" буюу Доллараас татгалзах хөдөлгөөн
Төв банкууд алтны үнэ өндөр байгааг үл харгалзан алт худалдан авсаар байгаа бөгөөд Дэлхийн Алтны Зөвлөл 2025 онд цэвэр дүнгээр дахин 1,000 тонн алт худалдан авна гэж таамаглаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь дэлхийн нөөцийн бүтцэд гарч буй томоохон өөрчлөлт бөгөөд гадаад улс орнуудын засгийн газрууд долларын хөрөнгөөс татгалзаж, алт руу шилжиж буйн илрэл юм.
Энэхүү "де-долларжуулалт" гэж нэрлэгдээд буй шилжилт нь АНУ-ын дэлхийн эдийн засаг, улс төр, цэргийн хүчин чадлын ерөнхий байр суурьтай холбоотой гэж JP Morgan банк өнгөрсөн жилийн тэмдэглэлдээ дурджээ. "АНУ-ын дотоод туйлшрал нэмэгдэж байгаа нь дэлхийн аюулгүй бүс гэгддэг тус улсын засаглалын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй" гэж тус банк бичсэн байна.
Үүний зэрэгцээ, цаасан мөнгөнөөс хамаагүй найдвартай хувилбар гэж тооцогддог алтны байр суурь улам бэхжив. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гадаад улсын төв банкууд АНУ-ын геополитикийн аливаа сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хамгаалахын тулд алтыг маш хурдтайгаар худалдан авч байна.
Mining.com