
Б.Төгс
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны хэмжээнд 27 тэрбум ам.долларт хүрч 2024 оноос 384.5 сая ам.доллар буюу 1.4%-иар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Экспортын дүн импортын дүнгээс 4.39 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарлаа.
Өнгөрсөн онд Монгол улс 15.7 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд экспортолсон нь 2024 онтой харьцуулахад 0.5%-иар буурчээ. Түүнчлэн 2025 онд манай улс 11.3 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолсон 2024 оныхоос 302.6 сая ам.доллароор буюу 2.6%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарлаа.
2025 оны эцсийн дүнгээр улсын нийт экспортын 81.5%-ийг нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн борлуулалт эзэллээ.
Чулуун нүүрсний экспорт өнгөрсөн онд 2024 оныхтой харьцуулахад 4.43 сая тонноор өссөн боловч, борлуулалтын орлого нь эсрэгээр 2.97 тэрбум ам.доллароор буурлаа. Энэ нь хилийн дундаж үнэ 41.1 ам.доллар/тонн болж буурсантай холбоотой. Хүрэн нүүрсний тухайд 2025 онд нийтдээ 5.8 орчим сая тонныг 190 сая ам.доллароор экспортоллоо. Ингэснээр манай улсын нүүрсний нийт экспорт 90 сая тоннд буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Гэхдээ орлогын дүнгээр зах зээлийн ханшийн бууралтын нөлөөгөөр огцом буурч зэсийн баяжмалын ард бичигдсэн үр дүнтэйгээр оныг өндөрлүүлж байна.
Зэсийн баяжмалын тухайд экспортын биет хэмжээ, орлого аль аль нь маш ихээр өссөн дүнтэйгээр 2025 онд тэмдэглэгдлээ. Тодруулбал, 2024 онтой жишихэд зэсийн баяжмалын экспорт даруй 586.5 мянган тонноор, орлого 2.49 тэрбум ам.доллароор, хилийн дундаж үнэ нь 587.8 ам.доллар/тонн-оор тус тус өслөө. Цэвэр зэсийн экспорт 2025 онд биет хэмжээгээр 15 мянган тонноор хэмжигдсэн бол орлого 142 сая ам.долларт хүрч 15-22%-ийн өсөлтийг харууллаа.
Алтны экспорт орлогын дүнгээр зэс, нүүрсний араас жагслаа. Өнгөрсөн онд экспортолсон алтны хэмжээ 2024 онтой харьцуулахад 0.9 тонноор буурсан ч, ханшийн өсөлтийн нөлөөгөөр орлогын дүн нь 341.6 сая ам.доллароор дээшиллээ. Өөрөөр хэлбэл 2024 онд 1 кг алтны дундаж үнэ 77266.8 ам.доллар байсан бол 2025 онд 115019.4 ам.доллар болж даруй 50%-иар өсчээ. Алтны экспортын тухайд 87.4%-ийг Швейцарь, 8.8%-ийг АНУ, 2.8%-ийг Их Британи руу тус тус худалдаалсан байна.
Төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 8.8 сая орчим тоннд хүрч, 2024 оны дүнгээс 1.29 сая тонноор өслөө. Экспортын дундаж үнэ тонн тутамдаа 72.1 ам.доллар болж 2024 оноос 7.5 ам.доллароор буурчээ.
2025 оны хэмжээнд хайлуур жоншны экспорт 2024 оны дүнтэй харьцуулахад 449 мянган тонноор, орлого нь 2.4 сая ам.доллароор тус тус өсчээ. Өөрөөр хэлбэл экспорт биет үзүүлэлтээр нэлээд өссөн ч, орлого төдийлөн дээшлээгүй байна. 2024 онд хайлуур жоншны экспортын дундаж үнэ тонн тутамд 232.7 ам.доллар байсан бол 2025 онд 176.5 ам.доллар болж буурчээ. Хайлуур жоншны 10.3%-ийг ОХУ, 89.4%-ийг БНХАУ руу экспортолжээ.
Өнгөрсөн онд манай улс 3.52 сая баррель газрын тос экспортолж 251.3 сая ам.долларын орлого оллоо. Энэ нь 2024 оныхоос биет хэмжээгээр 13.5%, орлогын дүнгээр 22%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.
Цайрын баяжмалын тухайд өнгөрсөн онд экспортын биет хэмжээ, орлогын үзүүлэлт аль аль нь нэлээд өсөлттэй гарсан буюу нийт 150 мянган тонн орчим баяжмал борлуулж, 234 сая ам.долларын борлуулалт хийлээ.
2025 онд молибденийн баяжмалын экспорт 95.3 тонноор буурсан хэдий ч, орлого нь 3.5 сая.ам.доллароор дээшиллээ. Молибденийн баяжмалын хилийн дундаж үнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд тонн тутамдаа 15993.6 ам.доллароос 16839.3 ам.доллар хүртэл өсчээ. Молибденийн баяжмалын экспортын 88.2%-ийг Хятад, 11.8%-ийг БНСУ руу тус тус худалдаалсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Хар тугалга, гянтболдын экспортын тухайд биет хэмжээгээр ялимгүй буурсан боловч орлогын дүнгээр нэлээд өссөн дүнтэй гарлаа. Ялангуяа гянтболдын экспортын орлого ханшийн огцом өсөлтийн нөлөөгөөр бараг 50%-иар дээшилж 20 сая ам.долларт хүрчээ.
Ийнхүү орлогын өсөлтөөрөө 2025 оныг зэс, алт, гянтболд тэргүүллээ.

Эх сурвалж: ГЕГ
