
Т.Бямбанаран
Эрчим хүчний шилжилт нь боловсруулсан чухал ашигт малтмалын хүртээмжээс шууд хамаарна. Ирээдүйд эдгээр түүхий эдийг аль улс, аль бүс нутаг илүүтэй боловсруулах бол?
Цаашид критикал минералын боловсруулалтын зах зээлд ганц улс давамгайлах нь тодорхой байна. Тэр бол БНХАУ.
Критикал минералын боловсруулалтаар Хятад улс ноёрхоно
2030 он гэхэд Хятад улс литий, газрын ховор элемент (ГХЭ), кобальт болон бал чулууны боловсруулалтаар давамгай байр суурь эзэлж, нийт чухал ашигт малтмалын боловсруулалтын бараг 60%-ийг дангаар бүрдүүлэх төлөвтэй байна. Ийнхүү боловсруулах хүчин чадал нэг улсад ихээхэн төвлөрсөн шинжтэй байгаа нь зардлыг бууруулах үр ашигтай ч эцсийн хэрэглэгч, доод шатны худалдан авагчдын хувьд геополитикийн эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байна.
Үүний зэрэгцээ, зах зээлд хожуу орж ирж буй улс орнууд өөрсдийн хувь нэмэр, байр сууриа тэлэхэд хүндрэлтэй байгааг энэхүү хандлага харуулж байна.
Никель: Индонез тэргүүлж, Хятад ард үлдэв
Никель бол Хятад улс ноёрхож амжаагүй цөөн ашигт малтмалын нэг юм. Индонез улс их хэмжээний хүдрийн нөөцдөө тулгуурлан, өртөг багатай боловсруулах үйлдвэрүүдээ өргөтгөсөн. Мөн түүхий хүдэр экспортлохыг хориглосноор 2030 он гэхэд боловсруулсан никелийн 71.24%-иас дээш хувийг дангаараа бүрдүүлэх төлөвтэй байна.
Никелийн тухайд Хятад улс ердөө 6.24 хувь, ОХУ 3.26 хувийг тус тус эзэлж байгаа бол дэлхийн бусад орнуудын нийлбэр нь 19.27 хувь болж байгаа юм. Энэ бүхнээс харвал зэвэрдэггүй ган болон цахилгаан автомашины батарейд хэрэглэгдэх никелийн үнийг тодорхойлогч гол тоглогчоор Индонез улс товойн гарч иржээ.
Зэсийн боловсруулалт харьцангуй жигд тархсан бүтэцтэй
Зэсийн боловсруулалт олон улсын хэмжээнд харьцангуй жигд тархсан бүтэцтэй. Хятад улс 44.63%-ийг эзэлж байгаа боловч дэлхийн бусад улс орны нийлбэр хувь 40.99%-д хүрч, дэлхийн хэмжээнд зэс боловсруулах хүчин чадал өргөн тархсаныг харуулна.
АНУ нь газрын ховор элементийн боловсруулалтад 5.14%-ийг бүрдүүлж байгаа бол Финланд болон Канад улсууд кобальтын боловсруулалтад тус тус 5.87% болон 5.73%-ийн бодит хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: Benchmark Mineral Intelligence, Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA), Visual Capitalist