
Иранд үүссэн үймээн самуун газар авч, АНУ-ын Холбооны нөөцийн санд (Fed) улс төрийн дарамт шахалт нэмэгдсэнээс гадна АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сул гарсан нь "найдвартай хөрөнгө" болох алтны эрэлтийг огцом нэмэгдүүлсэн байна.
Алтны спот ханш 2 хувиар өсөж, унц тутамдаа 4,601.17 ам.долларт хүрч дээд амжилт тогтоов. Сүүлийн байдлаар 1.4 хувийн өсөлттэй буюу 4,574.85 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. АНУ-ын алтны фьючерс үнэ мөн 2.5 хувиар өсөж, 4,612.04 ам.долларт хүрчээ.
Бусад үнэт болон үйлдвэрлэлийн металлууд ч мөн адил хүчтэй өсөлт үзүүлэв. Мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн бол платинум болон зэсийн үнэ өмнөх оргил цэгүүдийнхээ орчимд хэлбэлзэж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Венесуэлийн хооронд үүссэн хурцадмал байдлаас шалтгаалан алтны үнэ 4 гаруй хувиар өсөөд байсан юм.
Иран дахь эсэргүүцлийн жагсаал эрэлтийг өсгөв
Иранд засгийн газрын эсрэг жагсаал үймээн болон хувирч, мэдээллүүдээс үзвэл 500 гаруй хүн амиа алдаад байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд хүргэв. Хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жагсагчдын талд хөндлөнгөөс оролцвол Иран АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгч магадгүй гэж анхааруулсан нь бүс нутгийн мөргөлдөөн үүсэх айдсыг нэмэгдүүлжээ. Ерөнхийлөгч Трамп ням гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ: "Бид үүнийг маш ноцтойгоор авч үзэж байна. Цэргийнхэн хянаж байгаа бөгөөд бид маш хатуу хариу арга хэмжээ авах хувилбаруудыг судалж байна" гэв.
Баасан гарагт (2025.01.09) гарсан АНУ-ын Засгийн газрын мэдээллээр 12 дугаар сард хөдөө аж ахуйн бус салбарт 50,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь хүлээгдэж байсан 66,000-аас доогуур байв. Харин ажилгүйдлийн түвшин 4.4 хувь болж, таамаглаж байсан 4.5 хувиас бага зэрэг буурчээ. Хөдөлмөрийн зах зээлийн энэхүү сул үзүүлэлт нь Холбооны нөөцийн санг 2026 онд мөнгөний бодлогоо цаашид зөөлрүүлэх (хүүгээ бууруулах) магадлалыг нэмэгдүүлж байна.
Мөнгөний үнэ 5 гаруй хувиар өсөж, 84.58 ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоосон бол платинум 4 хувиар өсөж 2,382.4 ам.долларт хүрч, өнгөрсөн сарын оргил үнэдээ дөхөж ирлээ. Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 1.5 хувиар өсөж тонн нь 13,194.25 ам.доллар болсон бол АНУ-ын зэсийн фьючерс үнэ 2 хувиар өсөж нэг фунт нь 6.01 ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: Investing.com