
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад (2026.01.12) өглөө. Үүнд,
– Уулын ажлын тайлан, төлөвлөгөө болон бусад холбогдох зөвшөөрөл өгөх үйл ажиллагааг аж ахуйн нэгжид хүндрэл учруулахгүй, хавар ажлаа эхлэхэд нь саадгүй байх үүднээс ирэх 7 хоногийн турш байгууллагуудад зөвлөн туслах байдлаар төлөвлөгөөг нь баталж өгөх арга хэмжээг зохимжтой хэлбэрээр зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба болон яамны газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.
– Ерөнхий сайдын 01, 02, 03 дугаар албан даалгаврын биелэлтийг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанд танилцуулахтай холбогдуулан бүх газраас мэдээлэл авч, нэгдсэн тайлан бэлтгэх;
– Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлуудыг батлагдсан хуваарийн дагуу шахаж ажиллах;
– Орон нутгийн удирдлагуудтай байгуулах гэрээний асуудлыг шийдвэрлэж, форматын дагуу бэлэн болгох;
– Ажлын гүйцэтгэл, үр дүнд анхаарч, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг бүрэн хангаж, салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, нээлттэй, хариуцлагатай болгоход онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.
Эх сурвалж: АҮЭБЯ