Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали улс "Чухал" ашигт малтмалын нөөцөө яаравчлан бүрдүүлж эхэллээ

Австрали улс зах зээл дэх Хятадын давамгайллыг сааруулах, батлан хамгаалах болон өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээгээ хамгаалах зорилгоор "критикал" буюу нэн чухал ашигт малтмалын стратегийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ. Австралийн "Lynas" компани нь Хятадын дараа орох газрын ховор элементийн цорын ганц томоохон үйлдвэрлэгч юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 1.2 тэрбум австрали долларын уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд газрын ховор элемент, сурьма болон галлийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч нөөцлөхөөр төлөвлөж байна. Анх 2026 оны дундуур эхлэхээр төлөвлөгдөж байсан энэхүү ажил хугацаанаасаа өмнө буюу энэ оны эцэс гэхэд бүрэн хэрэгжиж дуусахаар болжээ.

Австралийн тал энэхүү нөөцийг зөвхөн дотооддоо бус, холбоотон орнууддаа нийлүүлэлтийн тасалдал үүсэх үед дэмжлэг үзүүлэхэд ашиглахаа мэдэгдсэн байна. Тус улсын Сангийн сайд Жим Чалмерс энэхүү алхам нь дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг даван туулах, олон улсын түншүүдтэйгээ тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ байгуулах стратегийн ач холбогдолтойг онцоллоо. 

Тэрбээр Вашингтонд болж буй G7-ийн Сангийн сайд нарын уулзалтад оролцож буй. Мөн BMO Metals-ийн шинжээчид энэхүү уулзалтаар зарим критикал ашигт малтмалын доод үнийг (minimum pricing) тогтоох талаар хэлэлцэж магадгүй гэж таамаглаж байна.

Эх сурвалж: mining.com