
Б.Төгс
Үндэсний статистикийн хорооноос 2025 оны гадаад худалдааны үзүүлэлтүүдийг (2026.01.12) танилцууллаа. Өнгөрсөн онд манай улс нийтдээ 163 улстай худалдаа хийж, үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 384.5 (1.4%) сая ам.доллар, экспорт 81.9 (0.5%) сая ам.доллар, импорт 302.6 (2.6%) сая ам.доллароор тус тус буурч, тэнцэл 220.7 (5.3%) сая ам.доллароор өссөн байна.

Эх сурвалж: ҮСХ
Экспорт 2025 онд өмнөх оноос 81.9 сая ам.доллароор буурахад нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 70.8 сая ам.доллар, сүлжмэл дотуур хувцас 5.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр ба баяжмалын экспорт 2.5 тэрбум ам.доллар, алт 341.6 сая ам.доллар, малын самнасан үс, хялгас 260.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 51.1 сая ам.доллароор тус тус өсчээ.
Импорт өмнөх оноос 302.6 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 217.1 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 67.7 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 52.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 48.9 сая ам.доллар, суудлын автомашин 43.7 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин дизелийн түлш 41.1 сая ам.доллар, азотын бордоо 22.4 сая ам.доллар, цахилгаан эрчим хүч 18.5 сая ам.доллароор өссөн байна. Автобензины импорт 2025 онд 839.5 мянган тонн болж, өмнөх оноос 6.5%-иар буурсан бол дизель түлшний импорт 1.8 сая тонн болж, 11.2%-иар өссөн байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.1%-ийг эзэлж байгаа бол импортын 70.5%-ийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна.
2025 онд экспортын 49.9% Гашуунсухайт, 21.2% Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.1%-ийг эзэлж байна. Импортын 58.8%-ийг Замын-Үүд, 21.3%-ийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 80.1%-ийг эзэлсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Экспортыг дотор нь ангилж үзвэл нэхмэл эдлэл, мах, дайвар бүтээгдэхүүн, самар, рапсын экспорт нийлээд 2025 онд 800 сая ам.долларт хүрсэн нь улсын нийт экспортын 5%-ийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт үндсэндээ 14.7 тэрбум ам.доллароор хэмжигдсэн бөгөөд үүнээс харахад манай улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 1 тэрбум ам.доллароор илэрхийлэгджээ. Энэ нь 2024 оны түвшинтэй ойролцоо буюу ялимгүй өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: ҮСХ
