Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.ЁНДОН: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТЕНДЕРИЙН УРИЛГЫГ ОЛОН УЛСЫН 90 ГАРУЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН

А.Халиун

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа юуны өмнө зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил болон тус үйлдвэрийн үйл ажиллагааны талаар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгоос тодрууллаа.

Уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэр 2025 онд хэдий хэмжээний олборлолт явуулж, борлуулалт хийв?

"Эрдэнэт" үйлдвэр 2025 онд 47.1 сая тонн хүдэр олборлож, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг тогтмол хангаж, 39.9 сая тонн хүдэр боловсрууллаа. 574 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргаж, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлого хуримтлуулж, 12 дугаар сарын 18- ны байдлаар 693.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Оны эцэст цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэнэ. Үйлдвэр нийт орлогоосоо 1.2 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулж, 2.2 их наядыг татвар хураамж хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.

Манай хамт олон 2024 онд хүдэр боловсруулах хүчин чадлаа 40 сая тонн болгон нэмэгдүүлж, дараа жил нь буюу энэ онд суурилагдсан хүчин чадалдаа хүрч ажилласан. Үйлдвэрийн 47 жилийн түүхэн дэх үйл ажиллагааны бух үзүүлэлтээр дээд амжилт тогтоосон он болж байна.

2025 оны эцсийн байдлаар үйлдвэр хэдэн жил ажиллах нөөц тогтоогдоод байна вэ?

Үйлдвэр урт хугацаанд тогтвортой ажиллах хамгийн гол хүчин зүйл нь уурхайн нөөцийг тогтоох. "Эрдэнэт" үйлдвэр одоо ашиглаж буй төвийн ордын ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, цаашид 55 жил тогтвортой ашиглах боломжтойг улсын ЖОРК стандартаар 2024 оны 8 дугаар сард баталгаажуулсан. Мөн Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг 2025 онд дуусгасан нь манай уурхайчин хамт олны олон гол амжилтуудын нэг. 

Цаашид 50 гаруй жил тогтвортой ажиллах технологийг үйлдвэрийнхээ шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа бөгөөд 2025 онд 12 сая тоннын хүчин чадалтай Оросын хуучин хөвүүлэн баяжуулах шугамыг бүрэн шинэчиллээ.

"Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэр мега төслийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2022 онд шинэчлэн баталсан. Уг хууль батлагдсанаар "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэсэн Үйлдвэр, технологийн парк /ҮТП/ байгуулах 01 номерын тусгай зөвшөөрлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрт олгосон. ҮТП-ийн бүтээн байгуулалтын ажлууд тэр үеэс эхэлж, дэд бүтцийн томоохон ажлууд болох усан хангамж, цахилгаан хангамж, авто зам, төмөр замын суурь бүтцийг угсрах ажлууд одоогийн байдлаар дуусах шатандаа орлоо. "Эрдэнэт" үйлдвэрээс энэ ажилд 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

2025 онд усан хангамж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийг Улсын комисс хүлээж авсан. Авто замын ажил 60 гаруй хувьтай, цахилгаан хангамжийн ажил 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Бид Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон Зэс утас, кабелийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж, энэ оны 8 дугаар сарын 13-ны өдөр АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. ТЭЗҮ анх 2019 онд батлагдаж байсан бол элементийн хүхрийн үйлдвэрийн туршилтын үр дүнгээр тодотгол оруулж батлагдсанаар онцлогтой.

ТЭЗҮ-ийн эдийн засгийн тооцооллыг BDO олон улсын хөндлөнгийн аудитын компаниар үнэлүүлсэн бөгөөд тайлангаа удахгүй танилцуулна. ТЭЗҮ-д тусгаснаар жилд 560 мянган тонн баяжмал боловсруулж, 120 мянган тонн цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан.

Зэс хайлуулах үйлдвэрийн үр ашгийг хэрхэн тооцоолсон бэ?

ТЭЗҮ-д зэсийн үнийг 8340 ам.доллараар тооцож, хөрөнгө оруулалтын өгөөж нь 8.9%, хөрөнгө оруулалтаа ойролцоогоор 9 жилд нөхнө гэж тооцоолсон байдаг. Хайлуулах үйлдвэр барих гол бодлого нь Монгол Улс хэрэгцээгээ дотоодоосоо хангах, гадны хамаарлыг бууруулах зорилготой юм.

Зэс хайлуулах үйлдвэр барих нь үе үеийн эрдэнэтчүүдийн мөрөөдөл байсан. Ш.Отгонбилэг захирал 1987 онд анх зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа тухайн үеийн Түлш, эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэж, "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах заводыг цувих, сунгах цехтэйгээр барих ТЭЗҮ-ийг боловсруулахыг дэмжиж байна" гэсэн протокол гаргасан байдаг.

"Эрдэнэт “үйлдвэр зэс хайлуулах үйлдвэрүүдийн технологийн судалгааг анх Эрдэнэтийн олборлосон хүдэрт нийцэх эсэх талаас нь хийсэн. 2014 онд Ц.Даваацэрэн захирлын үед Хятадын "New Chinese technology" буюу дэлхийн судлалын үйлдвэрлэлд ийм нэрээр патентаа авсан, дотроо хэд хэдэн хувилбартай технологийг манайд тохиромжтой гэж үзэж сонгоод 2019 онд ТЭЗҮ-ийг баталсан. 

Энэ технологи хөрөнгө оруулалтын болон урсгал зардал маш багатай. Бид тухайн үедээ элементийн хүхэр үйлдвэрлэнэ гэж байсан учир Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс үйлдвэрлэлийн туршилт хийж, ТЭЗҮ-ийг тодотгох зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дагуу туршилтын ажил эхэлсэн. 2021 онд элементийн хүхэр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө авсан боловч цар тахал гарч, ажил гацсаар туршилтын ажил өнгөрсөн жил дууссан. Элементийн хүхэр үйлдвэрлэх туршилт амжилттай болсон.

Засгийн газрын 12 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар зэс хайлуулах үйлдвэр барих олон улсын тендер зарлах шийдвэр гаргасан. Уг тендерт оролцогчдод ямар нөхцөл, шалгуурууд тавьж байна вэ?

Зэс хайлуулах үйлдвэр барих стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон  улсын тендерийн техникийн даалгаварт нэгдүгээрт, Үйлдвэр барих компани нь өөрийн гэсэн технологийн патент эзэмшигч байх. Хоёрдугаарт, үйлдвэр барих компани өөрөө хөрөнгө оруулна. Гуравдугаарт, зэс хайлуулах үйлдвэр барьсан туршлагатай байх гэсэн үндсэн 3 том шалгуур тавьж байгаа. Цаашилбал, Эрдэнэтийн үйлдвэр технологийн паркт өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэх сонирхолтой бол давуу тал болно гэх мэтээр нөхцлүүдийг тавьсан. 

Тендерт шалгарсан компани өөрөө хөрөнгөө гаргаж, "Эрдэнэт" үйлдвэр хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Бид хөндлөнгийн хяналт тавих мэргэжлийн компанийг сонгон шалгаруулаад, ажиллуулна.

Гадаадын хөрөнгө оруулагч санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд болон "Эрдэнэт" үйлдвэртэй олон жил харилцаж хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байсан нууцлалын гэрээ байгуулсан ААН-үүд, зэс хайлуулах чиглэлийн Дэлхийн тэргүүлэгч томоохон 55 компани, нийт 90 гаруй байгууллагад уриалга илгээгээд илэрхийлж байна. 2026 оны 1 дүгээр сарын 15-ны дотор сонирхсон байгууллагуудын саналыг хүлээн авч, Засгийн газарт танилцуулах юм. Тэгэхээр өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд энэ онд томоохон ахиц гарлаа гэсэн үг.

Дэлхий дээр зэс хайлуулах хэчнээн үйлдвэр ажиллаж байна вэ?

Дэлхий дээр өнөөдөр зэс хайлуулах 120 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хуучин үйлдвэрүүд нь хаалгаа барьж, шинэ үйлдвэрүүд баригдаж байдаг. Сүүлийн 3 жилд Индонез, Энэтхэг, Конго улсад нэг нэг үйлдвэр баригдлаа. Гэтэл Чилийн зарим хуучирсан үйлдвэр хаагдаж байх жишээтэй.

"Эрдэнэт" үйлдвэр 2025 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнийг тонн тутамд 9486 ам.доллар байхаар тусгажээ. Тэгвэл 12 дугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд үнэ 12 мянган ам.доллар давлаа. Үнэ өсөхөд юу нөлөөлөв?

2025 онд Конго, Чили, Индонезийн зэсийн уурхайд дараалсан гурван том осол гарлаа. Зэсийн салбарт урьд өмнө ийм ойр ойрхон осол болж байгаагүй. Энэ нь уурхайд хөрөнгө оруулалт хангалттай түвшинд хийж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүйтэй л холбоотой. Осол болсон нэг том уурхай нь дэлхийд зэсийн агуулга хамгийн өндөр буюу 6%-ийн агуулгатай Конго улсын Камоа-Какула уурхай юм. Эдгээр ослоос болж 2025 онд дэлхийн зэсийн нийлүүлэлт дунджаар 550 мянга орчим цэвэр зэсийн дутагдал үүссэн нь үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

2026 оны бизнес төлөвлөгөөндөө зэсийн үнэ хэд байхаар тооцсон бэ. Ирэх оны үнийн өсөлт, зах зээлийн төлөв хэрхэн ажиглагдаж байна вэ?

Үйлдвэрийн төлөвлөгөөнд ам.доллараар газар улсын 2026 зэсийн тусгасан оны бизнес үнийг 9653 бол Засгийн Төсөвт 9700 ам.доллар байхаар тусгасан. Үнэ ирэх жил 12 мянган ам.доллараас буурна гэж тооцоолж байна.

"Эрдэнэт" үйлдвэр урт, богино хугацааны өр зээлтэй юу?

“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар ямар нэг өргүй.