
Индонез улс Баликпапан хот дахь нефть боловсруулах үйлдвэрийг шинэчлэхэд 7.4 тэрбум доллар зарцуулж, 2026 оны 1-р сарын 12-ны Даваа гарагт албан ёсны нээлт хийлээ.
Ерөнхийлөгч Прабово Субианто болон Эрчим хүчний сайд Бахлил Лахадалиа нар нээлтийн ёслолд оролцов. Төрийн өмчит Pertamina компанийн нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал нь өдөрт 260,000 баррелиас 360,000 баррель хүртэл өсөж, уг үйлдвэр Индонезийн хамгийн том боловсруулах үйлдвэр болжээ.
"Бид өөрсдийгөө хүнс, эрчим хүчээр бүрэн хангаж чаддаг байх ёстой" гэж Индонезийн ерөнхийлөгч Субианто хэлэв. "Бидэнд байгаа эх үүсвэрүүдээ ашиглан бид гаднаас импортлохгүйгээр өөрсдөө шаардлагатай бүх эрчим хүчээ үйлдвэрлэх боломжтой. Энэ бол бидний дараагийн 5-7 жилийн зорилго" гэж ерөнхийлөгч нэмж хэлэв.
Индонез улсын хэрэгжүүлж буй биодизель түлшний бодлого болон шинэчлэгдсэн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсний улмаас тус улс 2027 он гэхэд дизель болон онгоцны түлшний импортыг зогсоох боломжтой гэж Эрчим хүчний сайд Бахлил Лахадалиа мэдэгдэв.
Индонези улс Pertamina компанийн түлшний борлуулалтын монополийг 20 орчим жилийн өмнө цуцалсан. Гэсэн хэдий ч тус компани түлшний хангамжийн салбарт ноёрхож байгаа хэвээр байна. Засгийн газар татаасгүй түлшний импортыг хязгаарласаар байгаа тул түлшний жижиглэн худалдаачид бэрхшээлтэй тулгарч байна.
Өнгөрсөн сард Индонез улс компаниудыг найман шинэ талбайд хайгуул судалгаа хийх тендерт оролцохыг урьсан. Эдгээр талбай газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй гэсэн таамаглал байдаг. Энэ нь Индонезийн түлшний импортыг бууруулж, газрын тосны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажлын нэг хэсэг юм.
Индонез улс хайгуул судалгаа хийгээгүй 100 гаруй талбайг олон улсын хөрөнгө оруулагчдад нээхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: oilprice.com