Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны ханш 5,000 ам.долларт хүрнэ

Эх сурвалж: LSEG

2026 он гарснаас хойш ердөө 13 хоногийн дотор алтны үнэ 6%-иар өсөж, унц нь анх удаа 4,600 ам.долларыг давлаа. Өнгөрсөн 2025 онд алтны үнэ 64%-иар өссөн бол энэ жил шинжээчид 5,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байна.

Энэхүү огцом өсөлтийн цаана АНУ-ын дотоод улс төр болон олон улсын геополитикийн маш эрсдэлтэй нөхцөл байдал нуугдаж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Трампын зүгээс Холбооны нөөцийн сангийн дарга Жерем Поуэллыг эрүүгийн хэрэгт татна гэж заналхийлсэн нь Төв банкны хараат бус байдалд эргэлзээ төрүүлж, хөрөнгө оруулагчдыг айдаст автуулав. Үүнээс гадна АНУ-ын цэргийн хүчин Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсан, Гренландыг хяналтдаа авах тухай яриа болон Иран дахь үймээн самуун зэрэг нь дэлхий даяар "тоглоомын дүрэм" үгүй болсныг сануулж, хүмүүсийг хамгийн найдвартай хөрөнгө болох алт руу түлхэж байна.

Эх сурвалж: LSEG

Мөн өнгөрсөн онд 147 хувиар өссөн мөнгөний ханш Даваа гарагт (2026.01.12) 86 ам.доллар давж, шинэ дээд амжилт тогтоолоо. Шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, энэ онд гурван оронтой тоонд буюу 100 ам.долларт хүрэх магадлалтай байгаа аж.

Дэлхийн төв банкууд, ялангуяа Хятадын Төв банк алтны нөөцөө тасралтгүй зузаатгасаар байгаа нь үнэ өсөхөд томоохон дэмжлэг болж байна. Хөрөнгө оруулалтын сангууд ч түүхэн дэх хамгийн их буюу 89 тэрбум ам.долларыг алтны ETF-үүдэд байршуулжээ. Хэрэв олон улсын хурцадмал байдал намжихгүй, АНУ-ын Төв банк хүүгээ бууруулж эхэлбэл алтны ханш ойрын долоо хоногуудад 4,600 ам.доллараас дээш тогтворжиж, 5,000 ам.доллар руу чиглэх зам шулуудах төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com