Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дональд Трамп: Чухал ашигт малтмалын импортод тариф ногдуулахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт (2026.01.14) газрын ховор элемент, лити болон бусад чухал ашигт малтмалын импортод одоогоор нэмэлт татвар (тариф) ногдуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Үүний оронд тэрээр олон улсын түнш орнуудтай хэлэлцээ хийж, нийлүүлэлтийн тогтвортой сувгийг бүрдүүлэхийг засаг захиргаандаа үүрэг болгов.

Шууд татвар тогтоох нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул энэ алхмыг түр азнахаар болов. Мөн Дээд шүүх Трампын татварын бодлогын хууль ёсны байдлыг хэлэлцэж байгаа нь энэ шийдвэрт нөлөөлжээ.

Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир, Худалдааны сайд Ховард Лутник нарт хандаж, импортын хэмжээг үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулахгүйгээр зохицуулах талаар түнш орнуудтай тохиролцохыг даалгасан байна.

Хэлэлцээний хүрээнд ашигт малтмалын үнийг тодорхой түвшнээс доош буулгахгүй байх (price floor) механизмыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь дотоодын болон барууны уурхайчдыг үнийн огцом уналтаас хамгаалах зорилготой бөгөөд "Их 7"-гийн орнууд ч энэ санаачилгыг дэмжиж байгаа юм.

АНУ-ын Худалдааны яамны хийсэн судалгаагаар тус улс чухал ашигт малтмалын хувьд гадаад эх үүсвэрээс, тэр дундаа Хятад улсаас хэт хамааралтай байгаа нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг тогтоосон. Гэвч богино хугацаанд дотоодын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж чадахгүй байгаа тул татвар тавихаас илүүтэйгээр гадаад нийлүүлэлтийг баталгаажуулах нь илүү оновчтой гэж үзжээ.

Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ, хэрэв олон улсын түншүүдтэй хийх хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол импортын доод үнийг хатуу тогтоох эсвэл өөр төрлийн арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

Эх сурвалж: mining.com