Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн үнэ тонн тутамдаа 13,310 ам.долларт хүрч, түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээ шинэчиллээ. Эрэлт нэмэгдэх таамаг болон нийлүүлэлтийн тасалдалтай холбоотой болгоомжлол нь үнэ өсөх гол шалтгаан болж байна.
2026 он гарснаас хойш ердөө хоёр долоо хоногийн дотор зэсийн ханш 6%-иар өсөөд байна. Хиймэл оюун ухаан (AI) болон сэргээгдэх эрчим хүчний салбарын хурдацтай хөгжил нь эрэлт нэмэгдэх үндэс.
Goldman Sachs банкны шинжээчид зэсийн ханшийг 2035 он гэхэд 15,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа ч богино хугацаанд үнэ түр тогтворжих эсвэл бага зэрэг буурах магадлалтайг сануулжээ.
Цагаан тугалганы үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч, тонн нь 52,000 ам.доллар давлаа

Цагаан тугалганы үнэ 6%-иар огцом өсөж, тонн тутамдаа 52,495 ам.долларт хүрснээр 2022 оны рекордоо эвдлээ. Тус металлын үнэ оны эхнээс хойш нийт 30%-иар өсөөд байна.
Цагаан тугалга нь тооцоолон бодох техник, дата төв болон AI тоног төхөөрөмжийн гагнуурын ажилд чухал үүрэгтэй тул технологийн салбарын хөрөнгө оруулалтыг даган үнэ нь ийнхүү цойлов.
Мөн Хятадын хөрөнгө оруулагчид түүхий эдийн зах зээл рүү ихээр орж ирсэн нь Шанхайн фьючерс бирж дээрх арилжааны хэмжээг дээд цэгт нь хүргэж, үнийн өсөлтөд хүчтэй түлхэц болжээ.
Лондоны биржийн үндсэн зургаан металлын ханшийг хянадаг LMEX индекс сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлтээ давахад ойрхон байна. Хэдийгээр үнэ өсөж байгаа ч зах зээл дээрх нөөц хангалттай байгаа бөгөөд одоогоор бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй байгааг Bloomberg онцолсон байна.