Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Э. БАЯРЦОГТ: ХЭРЭГЛЭГЧИЙН БҮТЭЭМЖИЙН ӨСӨЛТ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО

Цэцэн Глобал компанийн Гүйцэтгэх захирал Э.Баярцогттой компанийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

Юуны өмнө танай компанийн засвар үйлчилгээний чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, онцлогийн талаар танилцуулна уу?

Цэцэн Глобал компани нь уул уурхай, өрөмдлөгийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтээс  гадна тухайн тоног  төхөөрөмжийг бүрэн амьдралын мөчлөгөөр нь дэмжих борлуулалтын дараах засвар үйлчилгээ, техникийн зөвлөх, сургалт зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Бидний үйл ажиллагааны онцлог, давуу тал нь бүтээгдэхүүнээ зөвхөн борлуулаад орхих бус, харин харилцагч нартаа урт хугацааны найдвартай түнш нь байж, төхөөрөмжийн ашиглалт, төлөвлөлт, элэгдэл, сэлбэг хангамжийг тогтмол хянаж, тасралтгүй дэмжиж ажилладаг.

Засвар үйлчилгээний багийн бүтэц, чадварын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Манай компанийн засвар үйлчилгээний багт тухайн тоног үйлдвэрлэгчийн албан ёсны сургалтад төхөөрөмжийн хамрагдсан, олон жилийн дадлага туршлагатай инженер, механикчид ажиллаж байна. 

Тухайлбал, өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн механик үйлчилгээ, гидравлик, цахилгааны оношилгоо, тохируулга, талбайн шуурхай техник дэмжлэг, сэлбэг нийлүүлэлт зэрэг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.

Харилцагчийн талбай дээрх шуурхай үйлчилгээг хэрхэн зохион байгуулдаг вэ?

Бидэнд тусгайлан "Field Support" Талбайн түргэн шуурхай үйлчилгээний баг бий. Манай цахим хуудас дээрх харилцагчийн үйлчилгээний хэсэг дээрх мэдээлэл болон, харилцагчаас дуудлага, мэдээлэл хүлээн авмагцаа асуудлын оношилгоог утас, цахим

сувгаар урьдчилан хийж, шаардлагатай сэлбэг, хэрэгслийн бэлэн байдлыг шалган, инженер техникийн хүмүүсийг талбай руу яаралтай илгээдэг. Ингэснээр тухайн тоног төхөөрөмжийн ажиллагаанд саатал гарах үед үйлдвэрлэлийн зогсолтыг хамгийн бага түвшинд барих нөхцөлийг бүрддэг.

Сэлбэг материалын нийлүүлэлтийн бэлэн байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ?

Цэцэн Глобал компани нь Хятадын JKDrilling болон Cangzhou Great Drill Bits компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Бид үйлдвэрлэгчээс баталгаатай сэлбэгийг шууд нийлүүлдэг.

Мөн бид гол нэр төрлийн элэгддэг сэлбэгүүдийн байнгын агуулахын нөөцтэй.

Тухайн уурхайн хэрэглээ, жил бүрийн төлөвлөлтийн хүснэгтэд үндэслэн урьдчилсан нийлүүлэлтийн график гаргаж, их засварын давтамжийн стандарт төлөвлөлтөөр урьдчилан бэлтгэдэг. 

Ингэснээр гэнэтийн элэгдэл, тасалдал үүсэх эрсдэлийг бууруулж байна.

Танай засвар үйлчилгээний чанарыг тодорхойлж буй гол үзүүлэлт юу вэ?

Бидний хувьд уг үзүүлэлт нь харилцагчийн тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн үйл ажиллагааны хувь нэгжээр (machine availability) илэрхийлэгддэг.

Манай харилцагч компаниудын ашиглаж буй өрөмдлөгийн машинуудад энэ үзүүлэлт 87-95% байна. Энэ бол зөвхөн засварын  ажлаас гадна, тасралтгүй төлөвлөлт, урьдчилсан оношилгоо, сургалт, зөвлөгөө гэсэн олон талын ажлын үр дүн юм.

Дотоодын уул уурхайн салбарын нөхцөлд ямар бодит сорилтуудтай тулгардаг вэ?

Монгол орны уур амьсгал, хөрсний бүтэц, уул уурхайн алслагдсан байршлууд нь тоног төхөөрөмжийн элэгдлийг ихэсгэдэг. Тиймээс стандартын дагуу ашиглалт, зөв хугацаанд засвар үйлчилгээ хийлгэх нь нэн чухал байдаг. Зарим тохиолдолд хэрэглэгч тоног төхөөрөмжийг өндөр ачаалалтай, уртасгасан хугацаагаар ажиллуулах нь эвдрэлд нөлөөлдөг. Бид энэ тал дээр сургалт, зөвлөмж, ашиглалтын соёлд онцгой анхаарал хандуулж байна.

Цаашдын хөгжлийн зорилт, шинэчлэлээс дурдвал?

Бид ойрын хугацаанд, дижитал оношилгоо болон real-time monitoring систем нэвтрүүлэх, талбайн үйлчилгээний багийн нөөц, салбаруудыг бүсчилж нэмэгдүүлэх, сургалт, инженерийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байна. Бид харилцагч нарынхаа үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг 100% хүртэл дэмжихийг зорьж ажилладаг.

Танай компанийн цаашдын зорилго, хандлагыг товчоор дүгнэвэл?

Бидэнд хамгийн чухал нь тоног төхөөрөмжийг зөвхөн “худалдаалах” бус, харин тэдгээрийн үйл ажиллагааны насжилт, бүтээмж, бизнесийн өгөөжийг хэрэглэгчтэйгээ хамтран өсгөх явдал юм. Техникийн үйлчилгээ бол доголдол гарсны дараа шийдэл өгөх үйлчилгээ биш, асуудлыг урьдчилан харж сэргийлэх, үйл ажиллагааны найдвартай байдлыг хамгаалах урт хугацааны системтэй хамтын ажиллагаа байдаг.

Иймээс бид төлөвлөлт, оношилгоо, сургалт, хэрэглээний зөвлөмж, сэлбэгийн бэлэн байдал гээд бүхэлдээ үр ашигт суурилсан менежментийн шийдэл санал болгодог. Цаашид бид, талбайн техникийн дэмжлэгийг бүсчилж өргөжүүлэх, алсын хяналт, өгөгдөлд суурилсан засварын өөрсдийн дотоод чиглэсэн төлөвлөлтөд системийг хөгжүүлэх, инженерүүдийн чадавхыг тогтмол ахиулах сургалтын хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлээд явж байна.

Бидний зорилго бол “Тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулах бус хэрэглэгчийн бүтээмжийг өсгөх” юм.

Монголын уул уурхайн салбарт найдвартай ажиллагааг эрхэмлэдэг, бодит үр дүнд чиглэсэн түншлэл улам бүр чухал болсоор байна. Цэцэн Глобал компани энэ чиглэлээр бодлогоор, системтэйгээр  ажиллаж байгааг онцлон дуулгахад таатай байна.