
Ч.Сансар
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос даваа гарагт Палаван арал орчим оршдог Malampaya хийн ордын ойролцоо байгалийн хий, конденсатын нөөц илэрсэн тухай мэдэгдэв. Энэ нь Филиппинд сүүлийн арван гаруй жилийн хугацаанд анх удаа хийн орд нээгдэж байгаа явдал юм.
Malampaya East One буюу MAE-1 гэж нэрлэгддэг уг орд нь 2.8 тэрбум орчим шоо метр хий агуулдаг гэсэн тооцоо гарсан. Энэ нь нэг жилийн хугацаанд бараг 14 тэрбум кВт.ц цахилгааны үйлдвэрлэлтэй тэнцэнэ гэж Маркос мэдэгдлээ.
Тус орд нь Malampaya байгалийн хийн төслөөс зүүн тийш 5 км орчим зайд оршдог. Malampaya нь Филиппиний цорын ганц дотоодын хийн эх үүсвэр юм. Уг төслийг Prime Energy компаниар удирдуулсан UC38, PNOC Exploration Corporation, Prime Oil and Gas Inc компаниуд багтсан "Service Contract 38" консорциум хэрэгжүүлдэг.
Филиппин нь Зүүн Өмнөд Азид оршдог 110 сая хүн амтай улс бөгөөд эрчим хүчний салбарт нь нүүрсний цахилгаан станцууд давамгайлдаг. Тус улс хий болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Шингэрүүлсэн байгалийн хийн станцуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, улмаар 2025 онд нүүрсний станцуудын үйлдвэрлэл сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа буурна гэсэн хүлээлттэй байсан.
"Байгалийн хийнээс гадна бид өндөр үнэ цэнэтэй шингэн түлш болох хийн конденсатыг нээсэн. Эдгээр шинэ ордууд эрчим хүчний хангамжийг тогтворжуулах гэж буй засгийн газрын хүчин чармайлтад дэмжлэг болно" гэж Маркос мэдэгдэв.
2023 онд Ерөнхийлөгч Маркос олборлолтын хугацааг 15 жилээр сунгах, шинээр өрөмдлөг хийх зөвшөөрөл олгосон гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү нээлт хийхээс өмнө шинжээчид одоо байгаа ордын нөөц 2027 он гэхэд шавхагдана гэж таамаглаж байсан. Тиймээс Филиппин улс хийн станцуудын үйл ажиллагааг дэмжихийн тулд шингэрүүлсэн байгалийн хий импортолж эхэлсэн аж.