Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

"Эрдэнэ Ресурс": Баянхөндий алтны уурхай хүчин чадалдаа хүрч, 31 сая ам.долларын борлуулалт хийлээ

Монгол Улсад өндөр агуулгатай, зардал багатай алт олборлолтын төсөл хэрэгжүүлж буй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) "Баянхөндий" алтны уурхайн 2025 оны 4 дүгээр улирлын (Q4) тайлангаа (2026.01.20) танилцууллаа. 2025 оны 9 дүгээр сарын дундуур анхны алтаа цутгаснаас хойш тус уурхай дөрөвдүгээр улиралд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, оны эцэс гэхэд 31 сая ам.долларын (42.5 сая канад доллар) нийт орлого бүрдүүлсэн байна. Тус компани энэ хугацаанд 7,434 унц алт, 2,634 унц мөнгийг зах зээлийн таатай үнээр буюу алтны унцыг дунджаар 4,153 ам.доллароор борлуулжээ.

Уурхайн баяжуулах үйлдвэр дөрөвдүгээр улирлын турш төлөвлөсөн хүчин чадлынхаа дунджаар 77 хувьтай ажилласан бол 12 дугаар сарын ихэнх өдрүүдэд бүрэн хүчин чадлаараа буюу өдөрт 1,950 тонн хүдэр боловсруулж эхэлсэн байна. Тайлант хугацаанд нийт 144,845 тонн хүдэр боловсруулсан бөгөөд алтны агуулга дунджаар тонн тутамд 2.0 грамм байв. Үйлдвэрийн технологийн тохируулга болон эхлэлийн шатанд алтны метал авалт 93 хувиас дээш буюу ТЭЗҮ-д заасан хэмжээнээс илүү сайн үзүүлэлттэй гарч байгааг компанийн удирдлагууд онцоллоо.

Цаашид "Эрдэнэ Ресурс" компани 2026 оны нэгдүгээр улиралд хүдрийн агуулгыг хянах болон олборлолтын үйл ажиллагаандаа анхаарлаа хандуулж, ТЭЗҮ-д тусгасан агуулгын түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байна. Баянхөндий уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 650,000 тонн хүдэр боловсруулж, 85,000 унц алт олборлох төлөвтэй байна.

Хайгуулын ажлын хүрээнд 2025 оны сүүлээр Баянхөндий уурхайн ойролцоо орших "Хар Морь" (Dark Horse) болон "Алтан Сум" (Altan Arrow) талбайнуудад 5,000 гаруй метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд үр дүн нь 2026 оны эхний улиралд гарахаар хүлээгдэж байна. Мөн эдгээр ордын хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулах боломжтой эсэхийг судлах металлургийн судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд хэрэв үр дүн нь эерэг гарвал Баянхөндий үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлж, бага зардлаар үйлдвэрлэлийг өргөтгөх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: erdene.com