
Канадын Хойд Онтарио мужийн Лайвли хотод төвтэй, далд уурхайн тоног төхөөрөмж, инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Variant Mining Technologies" (VMT) компани "Оюу толгой" уурхайд ачааны машины ачих хоолой (truck loading chute) нийлүүлэх олон жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Энэхүү гэрээ нь "Variant Mining Technologies" компанийн хувьд томоохон түүхэн үйл явдал болоод зогсохгүй, Канад улсын Садбери болон Хойд Онтариогийн уул уурхайн ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт чухал ялалт болж байгааг онцолсон байна. Тус хэлэлцээр нь орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж, бүс нутгийн хэмжээнд ажлын байр бий болгох бөгөөд Хойд Онтариогийн уул уурхайн инноваци, технологийн дэлхийн тэргүүлэгч байр суурийг бататгаж байна.
Гэрээний дагуу "Variant Mining Technologies" нь далд уурхайн хүдэр ачих үйл ажиллагааны аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангасан дэвшилтэт системүүдийг нийлүүлнэ. "Оюу толгой" уурхайд нэвтрүүлж буй энэхүү технологи нь салбартаа хамгийн шилдэг аюулгүй байдлыг хангасан аж.
"Variant Mining Technologies" компанийн Бизнес, борлуулалтын менежер Дерек Мелоче хэлэхдээ: "Бид Хойд Онтариод боловсруулж, үйлдвэрлэсэн аюулгүй байдлын тэргүүний технологиор Оюу толгой шиг дэлхийн хэмжээний компаний үйл ажиллагааг дэмжиж байгаадаа баяртай байна. Энэхүү төсөл нь манай бүс нутгийн уул уурхайн ханган нийлүүлэгчдийн дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар болон далд уурхайн аюулгүй байдлыг ахиулах бидний амлалтыг харуулж байна" гэжээ.
Эх сурвалж: canadianminingjournal.com