
Ч.Сансар
Саудын Арабын "Aramco" компани хиймэл оюун ухаан болон бусад дэвшилтэт технологи ашигласнаар 2025 онд 3-5 тэрбум долларын ашиг олж чадсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр мэдэгдэв.
Хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр “Aramco” өрөмдлөгийн зардлыг хэмнэж, уурхайн бүтээмжийг сайжруулж, засвар үйлчилгээний зардлыг бууруулсан.
Гүйцэтгэх захирал Нассер "эрчим хүчний салбар хиймэл оюун ухааныг илүү их ашиглах ёстой. Бидэнд технологи, авьяас чадвар бий. Хамгийн чухал зүйл бол өгөгдлийн чанар юм" гэж хэлэв.
“Aramco” нь “цахим шилжилтийн хөтөлбөр” хэмээх хөтөлбөртэй бөгөөд хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж байна.
Тус компани үр ашгаа дээшлүүлэх, үйлдвэрлэлийн зардал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд хиймэл оюун ухааныг үйлдвэрүүд дээрээ аль хэдийн ашиглаад эхэлсэн гэж мэдэгдэв.
“Aramco” компани үйл ажиллагаандаа хиймэл оюун ухааныг ашиглах 442 аргыг олсон бөгөөд 2024 онд 1.8 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна.
“Бидэнд 90 гаруй жилийн турш цуглуулсан өгөгдөл байгаа. Мөн бид өдөр бүр олон тэрбум шинэ өгөгдлийг цуглуулдаг. Энэ их өгөгдлийг ашигласнаар бид эрчим хүчний салбарын анхны Том Хэлний Загварыг хөгжүүлсэн” гэж Aramco компанийн Технологи, Инновацийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч Ахмад Аль-Ховайтер “Хиймэл оюун ухаан нэвтрүүлэх” сэдвээр 2025 онд Парист зохион байгуулагдсан олон улсын уулзалтын үеэр хэлэв.
Аль-Ховайтер хэлэхдээ, уг технологийг ашигласны үр дүнд “Aramco” компани үйлдвэрлэлийн зардлаа нефтийн нэг баррель тус бүрт 3.50 ам.доллар хүртэл буулгаж чадсан гэжээ. Энэ нь дэлхийн хамгийн хямд өртөг юм байна.
Эх сурвалж: oilprice.com