Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г. Дамдинням: Ашигт малтмалын хуульд хийх өөрчлөлт эдийн засгийн чиг баримжааг тогтооно

Өнөөдөр (2026.1.26) “Уул уурхайн салбарын 7 хоног” арга хэмжээ эхэллээ. Засгийн газрын бодлогын хүрээнд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран оролцов.

Арга хэмжээг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ:
“Уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар экспортын болон татварын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт бодлогын шинэчлэл хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр үргэлжлүүлэн уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөг танилцуулав. Түүний мэдээлснээр:

 Уул уурхайн салбар

  • ДНБ-ий 26 хувь

  • Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байна.

 Салбарын эдийн засаг дахь эзлэх байр суурь

  • Экспортын нийт орлогын 95.4 хувь

  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74 хувь

  • Нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг бүрдүүлж байна.

Манай улсад 2015–2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс ойролцоогоор 80 хувь нь уул уурхайн салбарт ногджээ.

Цаашид уул уурхай, аж үйлдвэрийн бодлогод суурь шинэчлэл хийхээр зорьж буй бөгөөд түүний “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болохыг сайд онцлов. Энэ талаар тэрбээр:

“Ашигт малтмалын тухай хуулийг олон Засгийн газар, олон сайдын үед эцэслэн баталж чадалгүй явж ирсэн. Бид гол өөрчлөлтүүдийг заавал хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын хамтарсан шийдвэрээр баталсан. Энэ долоо хоногт олон нийтээс санал авна. 2026 оны гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх, эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх хууль бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт байх болно” хэмээн тодотголоо.

УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгоно. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.

Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.

АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ногдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлтийг тусгажээ.

 

Эх сурвалж: АҮЭБЯ