Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюу толгой” компани 2025 онд улсын төсвийн татварын орлогын 9 хувийг бүрдүүлжээ

"Оюу толгой" компани 2025 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.

2025 оны гүйцэтгэлээр тус компани улс, орон нутгийн төсөвт нийт 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төлжээ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын нийт орлогын 9 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд олон улсын зах зээл дээрх зэс, алтны үнэ өссөнтэй холбоотойгоор компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан байна. Компани үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардалд нийт 8.4 их наяд төгрөгийг дотоодод зарцуулсан бөгөөд үүнд үндэсний компаниудаас авсан бараа үйлчилгээ, татвар хураамж болон ажилчдын цалин багтаж байна. Энэ нь өдөрт дунджаар 23 тэрбум төгрөгийг Монгол Улсын эдийн засагт нийлүүлсэн гэсэн үг юм.

Үйлдвэрлэлийн гүйцэтгэл

Гүний уурхайн олборлолтын хэмжээ 12 дугаар сард хоногт дунджаар 42 мянган тоннд хүрч, зарим өдрүүдэд 52 мянган тонны дээд үзүүлэлтэд хүрчээ.

  • Зэсийн үйлдвэрлэл: IV улиралд 89.3 мянган тонн.

  • Алтны үйлдвэрлэл: IV улиралд 158.6 мянган унц.

Үйлдвэрлэлийн өсөлтөд Гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур болон Баяжуулах үйлдвэрийн Тавдугаар бөмбөлөгт тээрэм ашиглалтад орсон нь гол нөлөө үзүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компанийн нийт ажилтнуудын 97.7 хувь нь Монгол улсын иргэд байна. Нийт ажилтнуудын 24.2 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь уул уурхайн салбарын дунджаас өндөр үзүүлэлт юм. Аюулгүй ажиллагааны хувьд гэмтэл бэртлийн давтамж 200,000 хүн/цаг тутамд 0.16 байгаа нь олон улсын ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад хамгийн бага үзүүлэлтэд тооцогдож байна.

Ус ашиглалтын тухайд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 куб метр ус зарцуулж байгаа нь салбарын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм. Мөн ашигласан усныхаа 86.7 хувийг дахин боловсруулж ашиглаж байна.

Компани 2022 оноос хойш хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 1,215 га талбайг Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад нөхөн сэргээгээд байна. Түүнчлэн Өмнөговь аймагт бүртгэлтэй 105 ханган нийлүүлэгчээс IV улиралд 292.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.