Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Давос 2026: Эрчим хүчний салбарын тухай юуг онцлов?

Т.Бямбанаран

Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт буюу “Давос 2026” энэ оны нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдлаа. Уг чуулганы үеэр дэлхийн, бүс нутгийн болон салбарын бодлогын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор олон улсын удирдагчид, бизнесийн төлөөллүүдийг нэгэн дээвэр дор чууллаа. Энэ удаагийн чуулганд 60 улсын төрийн тэргүүн,  улс төрийн өндөр дээд түвшний 400 гаруй удирдагч, мөн 830 компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн дарга оролцсон нь арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг илтгэнэ.

Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарах нь

Арга хэмжээний өмнө “Дэлхийн эдийн засгийн форум”-аас (WEF) “Дэлхийн эрсдэлийн үнэлгээний тайлан-2026”-г олон нийтэд танилцуулж, дэлхий дахинд тулгарах эрсдэлүүдийг ноцтой байдлаар нь эрэмбэлэн харуулсан. Ойрын хоёр жилийн хугацаанд эрс тэс цаг агаарын үзэгдлүүд эрсдэлийн жагсаалтын дөрөвдүгээрт, харин бохирдол есдүгээрт бичигджээ.

Харин урт хугацаандаа нөхцөл байдал илүү ноцтойгоор эргэж, хүчтэй, давтамжтай цаг агаарын гамшигт үзэгдэл хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн байна. Үүний дараагаар биологийн олон янз байдлын алдагдал болон экосистемийн доройтол хоёрдугаарт жагсав. Мөн байгалийн нөөцийн хомсдол тавдугаарт бичигджээ.

Энэхүү үнэлгээ нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг нэн даруй авч хэлэлцэхийг сануулахын зэрэгцээ дэлхийн эрчим хүчний салбарын ирээдүйг бодлогын тэргүүлэх чиглэл болгох шаардлагатайг тодорхой харуулсан.

Чуулганы үеэр улс орнуудын удирдагчид уур амьсгалын хямрал болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэлэлцэв. Тухайлбал, Мексикийн Байгаль орчны сайд Алисиа Барсена ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, мөн тойрог эдийн засгийг өргөжүүлэхийг уриалж, өнөөгийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хангалтгүй байгааг цохон тэмдэглэв.

Тэр бээр яриандаа, “Бид цэвэр эрчим хүчийг илүү хурдтай, илүү өргөн цар хүрээнд ашиглаж, энэхүү шилжилтийг түргэсгэх шаардлагатай. Цэвэр эрчим хүч рүү шилжих бидний одоогийн хурд, цар хүрээ хангалтгүй байна” хэмээн мэдэгджээ.

Гэхдээ өмнөх жилүүдтэй харьцуулахад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудал харьцангуй хоёрдугаар эгнээнд шилжиж, геополитикийн түгшүүрт асуудлууд түүнийг халхалсан нь анзаарагдлаа. Өнгөрсөн жилүүдэд дэлхийн удирдагчид Давосын чуулганыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний амлалт, зорилтоо зарлах индэр болгон ашигладаг байсан бол энэ жил чуулганд оролцсон удирдагчид криптовалют, хиймэл оюун ухаан болон геополитикийн асуудлуудад түлхүү анхаарал хандуулжээ. Үүний улмаас уур амьсгалын бодлогын талаар зөвхөн иргэний нийгмийн байгууллагууд болон хүрээлэн буй орчны судлаач, эрдэмтэд хэлэлцэхэд хүрчээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай сэдвээс ийнхүү зайлсхийж буй нь сүүлийн жилүүдэд олон улсын корпорацууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгана гэсэн амлалтаа сулруулсаар байгаа ерөнхий дүр зургийг давхар харуулна. Дэлхийн эдийн засгийн форумын “Байгаль орчин, уур амьсгалын төв”-ийн тэргүүн Себастиан Баккап “Давосын чуулган нь эцсийн дүндээ дэлхийн удирдагчид, гүйцэтгэх захирлууд ямар сэдвээр хэлэлцэхийг хүсэж буйн тусгал байдаг” хэмээн онцолжээ.

Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх нь

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) Гүйцэтгэх захирал Фатих Бирол чуулганы үеэр хэлсэн үгэндээ, “Эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ийнхүү нэмэгдэж байгааг би урьд өмнө нь харж байсангүй. Эрчим хүчний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх ёстой” хэмээн онцолсон. Түүний хэлснээр улс орнууд өөрсдийн эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх нь чухал бөгөөд энэ нь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх бодит хөшүүрэг болох ажээ.

Түүнчлэн мэдээллийн төвүүд болон цахилгаан автомашины хэрэглээ огцом өсөж буйтай холбогдуулан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг тэлэх зайлшгүй шаардлага тулгараад буйг Ф. Бирол онцлов. 

Цөмийн эрчим хүчний шинэ эрин үе

Цөмийн эрчим хүч нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал байр суурь эзэлнэ хэмээн Давосын чуулганд оролцсон хэд хэдэн улс санал нийлэв. Тодруулбал, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен цөмийн эрчим хүч нь эрчим хүчний үнийг тогтворжуулах, бууруулах, мөн гадаад хамаарлыг багасгахад шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг онцолжээ.

Харин АНУ-ын төлөөлөгчид баяжуулсан ураны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Энэ нь цаашид ОХУ-аас хараат байдлыг бууруулах чухал алхам гэж үзжээ.

Давосын чуулганд оролцсон хэд хэдэн орны удирдагч цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх замаар улс орнуудын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд бүс нутгийн болон хоёр талт түншлэл, тухайлбал, ЕХ-ны цөмийн эрчим хүчний холбоо, Хойд–Балтын орнуудын хамтын ажиллагаа, Японы хөрөнгө оруулалт, мөн АНУ ба Канадын иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний хамтын ажиллагаа идэвхжих төлөвтэй байна.

Эх сурвалж: oilprice.com