
Т.Бямбанаран
Европын Холбоо критикал минералын салбарт ноёрхож буй БНХАУ-ын нөлөөг саармагжуулахын тулд АНУ-тай хамтран ажиллах саналыг хүргүүлэхээр ажиллаж байна.
Холбогдох эх сурвалжуудын мэдээлснээр ЕХ ойрын гурван сарын дотор “Стратегийн түншлэлийн замын зураглал” бүхий санамж бичигт АНУ-тай гарын үсэг зурахад бэлэн байгаа аж.
Энэхүү түншлэлийн гол зорилго нь орчин үеийн ихэнх дэвшилтэт технологид зайлшгүй шаардлагатай чухал ашигт малтмалыг Хятадаас хараат бус байдлаар нийлүүлэх боломжит арга замуудыг эрэлхийлэхэд оршиж байна. Одоогоор АНУ болон ЕХ хоёулаа Хятадын ашигт малтмалаас ихээхэн хамааралтай болсон. Хятадын критикал минерал нь үнэ харьцангуй хямд байдгаас гадна нийлүүлэлт сайтай. Тиймээс Бээжингийн зүгээс гаргах шийдвэр, хориг арга хэмжээ зэрэг нь ЕХ болон АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
“Bloomberg News”-ийн мэдээлэлд дурдсанаар талууд хэлэлцээг ойрын 30 хоногийн дотор эцэслэх зорилт тавьжээ.
Санамж бичигт Европын Холбоо болон АНУ чухал ашигт малтмалын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, мөн үнийн дэмжлэгийн механизмыг судлан хэрэгжүүлэхийг санал болгожээ. Түүнчлэн гадаад зах зээлээс орж ирэх ашигт малтмалын илүүдэл нийлүүлэлт болон зах зээлийг гажуудуулах бусад хэлбэрийн нөлөөллөөс хоёр талын зах зээлийг хамгаалах арга замуудыг тусгасан байна. Үүний зэрэгцээ уг саналд талууд хоорондоо аюулгүй, найдвартай нийлүүлэлтийн сүлжээг хамтран байгуулах ёстой хэмээн онцолжээ.
Үүнээс гадна, Европын Холбооны саналд хоёр тал харилцан бие биеийнхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэсэн шаардлагыг мөн тусгасан гэж эх сурвалжууд нэмж мэдээлэв. Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ЕХ-ны гишүүн Дани улсын харьяа Гринландыг худалдан авах төлөвлөгөөгөө илэрхийлснээс үүдэн АНУ–ЕХ-ны харилцаа нэлээн хүндрээд байсан юм.
Эх сурвалж: mining.com