Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

MMC-ийн ашиг буурсан ч хувьцааны ханш 28%-иар өслөө

 

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" (HKG:975) компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сард 28%-иар өсөж, 2 дугаар сарын эхээр 13.33 хонконг долларт хүрчээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцаа нийт 91%-ийн өсөлт үзүүлээд байна.

Гэвч ханшийн энэхүү өсөлт нь компанийн санхүүгийн бодит үзүүлэлттэй нийцэхгүй байгааг шинжээчид анхааруулж байна. Хонгконгийн биржийн компаниудын үнэ ашгийн харьцаа (P/E) дунджаар 12 байдаг бол MMC-ийнх 21.5-д хүрсэн нь тус компанийн хувьцааг "хэт үнэлэгдсэн" байж болзошгүйг харуулж байгаа юм.

Компанийн ашиг өнгөрсөн нэг жилийн хугацаанд муудсан нь хөрөнгө оруулагчдын хувьд таагүй мэдээ юм. Тухайлбал, өнгөрсөн онд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 62%-иар буурсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан ашгийн өсөлтийг үндсэндээ үгүй хийжээ.

Simply Wall St-ийн дүн шинжилгээнд дурдсанаар, зах зээлийн зүгээс ирэх 12 сард бусад компаниудыг дунджаар 20%-ийн өсөлт үзүүлнэ гэж таамаглаж байгаа бол MMC-ийн дунд хугацааны ашгийн үзүүлэлт харьцангуй сул байна.

Хувьцааны ханш бодит ашгаас ийнхүү түрүүлж өсөж байгаа нь хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйг өөдрөгөөр харж буйг илтгэнэ. Хэрэв ашгийн үзүүлэлт цаашид сайжрахгүй бол одоогийн өндөр үнэ тогтвортой хадгалагдах боломжгүй бөгөөд яваандаа хувьцааны ханшид хүчтэй дарамт болох эрсдэлтэй юм.

Эх сурвалж: Simply Wall St