
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өнгөрсөн оны 7 дугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг (2026.02.08) шалгав. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейр, бутлуурын систем, авто ачилтын байгууламжийн нээлтэд оролцож, үг хэллээ.
12.6 км урттай конвейер ашиглалтад орсноор баяжуулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэж байна. Мөн тээвэрлэлтийн явцад үүсдэг тоосжилт 90%-иар буурч, авто тээвэртэй холбоотой осол, эндэгдэл гарах эрсдлийг бүрэн хааж байна. Үүнээс гадна нүүрсийг сорчлохгүй олборлож, экспортод гаргах боломжтой болно. Жилд 10 сая тонн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78%-иар буурч, жилд дунджаар 267.5 тэрбум төгрөг хэмнэх юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналт болон бусад шалтгаанаар гацсан 41 гэрээг шийдвэрлэх үүрэг өгсөн. Үүнээс 37 гэрээг амжилттай шийдвэрлэж, 4.2 сая тонн нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан борлуулсан байна.
Мөн БНХАУ-ын гүн дэх эцсийн хэрэглэгчид болон нүүрс худалдааны томоохон боомтуудад нүүрс хүргэн борлуулах ажлыг эхлүүлжээ. Цаашид Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч зах зээлд гарах, цөөн худалдан авагчаас хамааралтай байдлыг бууруулж, зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч буйгаа компанийн удирдлагууд танилцуулав.
Компанийн засаглал, ил тод байдлыг олон улсын жишигт нийцүүлж, нээлттэй компани болгох хүрээнд гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн хараат бус гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулж, сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд олон улсын аудит хийлгэх ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан дуусгах, ТУЗ-ийн дэргэд “Олон нийтийн хяналтын зөвлөл”-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах үүргийг Ерөнхий сайд өгөв.
Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангаж, уг ордыг хамгийн өндөр өгөөжтэй, урт хугацаанд тогтвортой ашиглах ТЭЗҮ-г эцэслэн боловсруулах, орд ашиглалтын төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүүгийн үйл ажиллагааг цэгцэлж, үр ашиггүй зардал, худалдан авалтаас зайлсхийж, санхүүгийн сахилга, хариуцлагыг чанд мөрдөхийг сануулав гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.





