
Баялгийн хулгайтай тэмцэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд хүртээх тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын 02 тоот албан даалгавар хэрэгжиж, үр дүн гарч эхэллээ.
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр хэлцэлд гарын үсэг (2026.02.10) зурлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон.
Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулан, хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлцэл хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм.
Ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60%-ийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо.
Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн нөөц баялгаа улс орныхоо иргэдийн эрх ашигт нийцүүлж, хүртээмжтэй, бодит үр дүнтэй хүртээх нь чухал. Өнөөдөр суурь зарчмуудаа тохиролцож үр дүнд хүрч санамж бичиг байгуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т заасан хуулийн этгээдийн 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь ард иргэдэд ногдох зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар, 60%-иас доош орвол тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцож байна. 60% нь үнийн хэлбэлзлээс хамаарч өөрчлөгдөж болно. Үүнийг нарийвчлан тооцох ёстой. Цаашид төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл тусгай АМНАТ-өөр орлуулах, олон улсын зах зээлийн түүхий эдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ. Хувийн хэвшлийн санал бодлыг нээлттэй сонсож, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж, нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд манлайлж байгаад талархаж байна” гэсэн юм.
Мөн сангийн мөнгийг Ирээдүйн өв сангийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулиар 2030 оноос боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулах зохицуулалттай. Энэ хүртэл иргэдийн дансанд бодитой хуримтлагдаж, эргэлтэд оруулах эдийн засгийн үндэс боломжийг бодлого, журмаар хэрэгжүүлж байгааг дурдав.
Цаашид Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах, энэ хэмжээгээр хариуцлагатай уул уурхайг дэмжих, орон нутгийн хөгжил, дотоод болон гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийг идэвхжүүлэх зэрэгт зөв практик туршлага болно гэдгийг онцлон дурдлаа.




Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.