Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨРТӨГ

The Mongolian Mining Journal - 2025.12-р сарын дугаар


Б.Төгсбилэгт

Дэлхийд гуравт орох ирээдүйтэй зэсийн томоохон уурхай болох Оюутолгойн олборлолтын оргил үе хаяанд тулж ирсэн энэ үед Засаг Риотой хэлэлцээрт орж байна. Долоон жилд нэг удаа ярилцахаар тогтсон гэрээний заалтын дагуу хэрэгжиж буй энэ удаагийн хэлэлцээрийн гол зорилго нь Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүлэх явдал төдийгүй “Онтре”-ийн асуудлыг багтааж буйгаараа онцлогтой. 

“Хэлэлцээрийн урлаг”-т суралцсаар яваа манай Засгийн газар энэ удаад Францын төрийн өмчийн “Орано”-той тодорхой өгөөжид үндэслэн гэрээ байгуулж чадсан туршлага дээрээ зоригжиж, ихээхэн урам төгөлдөр байдлаар Рио-той хэлэлцээрт орж байна. Үр дүнг нь ард нийтээрээ чих тавин хүлээж сууна. Нөгөө талд, “Рио Тинто” компани зах зээлийн үнэ өссөн энэ үед харьцангуй нааштай, уян хатан хандлага баримтлах болсон нь илэрхий байна. Тэгэхээр үндсэндээ хэлэлцээр энэ удаад цаг хугацааны таатай үед тохиосон нь манайд давуу талтай. Гэхдээ баярлах эрт байна. 

Оюутолгойн талаарх бодит нөхцөл байдлыг илүү тодорхой болгож өгсний сацуу Засгийн газарт хэлэлцээрт ороход нь ташуур болох үйл явдал бол яах аргагүй УИХ-ын Хянан шалгах түр хорооны зохион байгуулсан Оюутолгойн нээлттэй сонсгол байлаа.

Гурван өдөр үргэлжилсэн сонсголоор (12 дугаар сарын 8, 10, 12-нд) Оюутолгойн өгөөжийн асуудал буюу Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээний асуудал болон “Онтре” компанийн эзэмшлийн “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөц, үүнд төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоохтой холбоотой асуудлуудыг шинжлэн судалж, мэдээлэл хуваалцлаа.

Уг сонсголоор шинжээчдийн дүгнэлтийг сонсож, төр, засгийн төлөөлөл болон “Оюу толгой”, “Онтре ресурс” компанийн төлөөлөл оролцсоноороо ихээхэн үр дүнтэй, сонирхолтой байлаа. Энэ сонсголоос 5 чиглэл бүхий УИХ-ын тогтоол гарсан. Үүнд, Монголын талын өгөөжийг 53%-иас доошгүй байлгах, “Онтре”-ийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх, санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, ордын нөөцийн судалгааг хийж үнэ цэнийг өсгөх, мөнгөн гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулах зэрэг асуудлыг тусгав. Тодруулбал, УИХ-ын Оюутолгойн Хянан шалгах түр хорооноос боловсруулан батлуулсан УИХ-ын тогтоолын заалтууд нь дараах чиг үүргийг багтаасан байна. Үүнд:

1. "Онтре" компанийн эзэмшдэг "Жавхлант",  "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтална.

-Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах

-Ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх

2. "Эрдэнэс МГЛ” ХХК, “Айвенхоу Оюу Толгой" /БиВиАй/ Лтд, "Оюу Толгой Нидерланд" Би.Ви, "Оюу Толгой" ХХК-ийн хооронд 2011 онд 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх.

-Алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчдийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бодитоор бууруулах.

3. Оюутолгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, тавих хяналтыг сайжруулах.

4. Монголын талын хүртэх үр өгөөжийг анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53%-иас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах.

-Уг хувь хэмжээг 3 жил тутамд харилцан хянан үзэж, "Оюу толгой" ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах.

5. "Оюу толгой" ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төв банк /Монголбанк/ болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулдаг болох зэрэг болно.

ТАЛУУД НЭГДСЭН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЭХ НЬ ИХЭЭХЭН ЧУХАЛ

Оюутолгой төсөл бол хэлбэрийн хувьд үнэхээрийн гайхалтай төсөл. Рио Тинто Оюутолгойг хамгийн өсөлттэй төслөөрөө анхнаасаа нэрлэсээр ирсэн. Төмрийн хүдрийн салбараас гол орлогын багцаа бүрдүүлдэг Рио-гийн хувьд цаашид зэс, лити зэрэг чухал ашигт малтмалын салбарт хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгаа юм. Тус компани олон улс оронд ашиглалтын болон хөгжүүлэлтийн шатны хэд хэдэн зэсийн уурхай эзэмшдэг. 2030 оноос жилд 1 сая тонн зэс олборлохоор зорьж буй Рио-гийн нийт борлуулалтын орлогод зэсийн эзлэх хэмжээ ч нэмэгдсээр байгаа юм. Чухам зэсийг чухлаар авч үзэж буй стратеги зорилтоо бататган 2022 онд "Туркойз Хилл Ресурс" компанийг Рио бүхэлд нь худалдаж авсан.

Монгол Улсын тухайд Оюутолгой нь эдийн засгийн гол хөдөлгүүр болдог төдийгүй гадаад ертөнцөд Монголын талаарх эерэг хэтийн төлөвийг нөхцөлдүүлэгч болдог. Тэгэхээр хамтрагч хоёр талд Оюутолгой бол яах аргагүй чухал гол төсөл. Ил болон далд уурхай хосолсон уг уурхайн төслийн бүтээн байгуулалтын шат дуусаж, олборлолтын шинэ үе шат руу шилжиж байна. Одоо төслийн дараагийн чухал даваа бол хөрөнгө оруулалтын зардлаа нөхөөд ашигтай ажиллаж эхлэх явдал юм. Үлэмж их хөрөнгө оруулалтын орох урсгалын тухай сонсдог үе өнгөрч, үлэмж их борлуулалтын орлогын тухай сонсох үе эхэллээ. Энэ үед талууд өгөөжийн тухайд ч тэр, нөөц ашиглалтын тухайд ч тэр нэгдсэн ойлголцолд хүрэх нь ихээхэн чухал болоод байна.

Нээлттэй сонсголоор талуудын баримтын зөрүүтэй байдал тод ажиглагдлаа. Монголын талын зүгээс төслийн өгөөжийн харьцаа манай талд дөнгөж 37%-тай байгааг дуулгав. Харин "Оюу толгой" компани төслийн нийт мөнгөн урсгалын дийлэнх нь Монголын талд оногдох тухай хариу дуулгав. Тухайлбал, төслийн хугацаанд Оюутолгойн үр өгөөжийн 61% буюу нийт 57.5 тэрбум ам.долларыг Монгол Улс хүртэх тооцоололтой байна гэж ам гарлаа.

Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, үтэр түргэн хугацаанд ил уурхайг ашиглалтад оруулж, улмаар 2013 онд анхны баяжмалаа тээвэрлэсэн үйл явдал саяхан юм шиг л санагдана. Тийнхүү баяжмал экспортолж эхэлснээс хойш нийт 12 жилийн бүтэн нэг мөчлөг өнгөрчээ. Энэ хугацаанд "Оюу толгой" компани Монгол Улсын төсөвт нийтдээ 13.7 их наяд төгрөг (5.3 тэрбум ам.доллар)-ийн татвар, төлбөр, хураамж төлсөн тухай компанийн зүгээс тайлбарлалаа.

Гэхдээ цаашид 2051 он хүртэл Оюут болон Хойд Хюго, Хойд Хюго үргэлжлэл дэх олборлолт явагдаад одоогийн төлөвлөсөн уурхайн үйл ажиллагаа хаагдахаар байгааг энд тодотгох нь зүйтэй. Тэгэхээр бидэнд ердөө 12 жилийн хоёр удаагийн бүтэн цикл үлдээд байгаа юм. Олборлолтын оргил үе ирэх 10 жилд тохионо. Олборлолтын оргил хугацаанд төслийн бүтээн байгуулалтын зардлаа нөхсөөр ногдол ашиг авах сүүлчийн горьдлого тасрахыг шинжээчид анхааруулсаар байгаа юм.

Татварын мэдээлэл гэхэд тун чиг зөрүүтэй байна. Бид мэдээж Монгол Улсын Татварын ерөнхий газрын мэдээлэлд илүү итгэж таарна.

Сонсголоор сонирхол татсан татвар төлөлтийн талаарх нарийвчилсан мэдээллийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал өгсөн. Тус компани 2002 оноос эхлэн энэ оны 9 дүгээр сарын 5-ны байдлаар нийтдээ 6.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамжийг төвлөрүүлсэн тухай танилцуулсан. Үүнд 18 төрлийн татвар, хураамж, төлбөр багтаж байгаа юм. Компанийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд 6 удаагийн хяналт шалгалт ТЕГ-аас хийсэн байна. Ингээд хяналт шалгалтын төлбөрөөр 2021 болон 2024 онд нийт 1.3 их наяд төгрөгийг төлжээ. 2002 оноос хойш 2025 оны III дугаар улирлын байдлаар "Оюу толгой" компани нийт 62.9 их наяд төгрөгийн зардал гаргасан тухай мөн Татварын ерөнхий газар мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто" компанийн хооронд үүссэн татварын маргааны асуудал Лондоны арбитрын шүүх дээр үргэлжилж байгаа юм. Хэрэв манай тал ялалт байгуулбал компанийн ашгийн татвар төлөх хугацааг наашлуулах боломж бүрдэх юм байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Түүнчлэн өнгөрсөн 16 жилийн хугацаанд "Оюу толгой" компани нийтдээ 440 сая тонн хүдэр олборлож боловсруулан, үүнээс 8.4 сая тонн зэсийн баяжмалыг 16.3 тэрбум ам.доллараар борлуулж, Монгол Улсын төсөвт 3.2 тэрбум ам.долларын татвар, АМНАТ, хураамж төвлөрүүлсэн тухай нээлттэй сонсголоор шинжээч танилцууллаа.

Ямар ч байсан татвар төлөлтийн талаарх олон янз мэдээллүүд сонсголоор хөвөрлөө.

Гэхдээ аль аль тоо нь хүлээлтэд төдийлөн нийцэхгүй байж мэдэх юм. УИХ-ын зарим гишүүд "Оюу толгой" компанийн татвар төлөлтийн хэмжээнд тун сэтгэл дундуур байдаг бол нөгөө хэсэг гишүүд нь "далд уурхай ашиглалтад орж олборлолт өсөхөөр жилдээ 1 тэрбум ам.доллар давсан татвар хураамж төвлөрүүлэх үү" гэж асуух тохиолдол өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Ингэж асуух нь ч буруу биш. Гэхдээ энэ асуултад шууд “тийм, тэгэлгүй яахав" гээд тоймтой хариулах сайд дарга нар олддоггүй. Бидний хүлээлт бодит байдал хоёр тэс өөр болох нь илэрхий байна.

"ОЮУ ТОЛГОЙ" КОМПАНИ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Тэгэхээр одоогийн байдлаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн хэмжээнд Оюу толгойн өгөөжийн талаар нэгдсэн санхүүгийн загварчлалтай болсон. "Рио Тинто"-д ч өөрсдийн гэсэн ийм загвар бий. Тэгэхээр энэ хоёр загварыг одоо "мөргөлдүүлэх” ажил ид өрнөж байна. Улмаар энэ үйл явцаас Монголын талд хүртэх өгөөжийг 53%-иас доошгүй хэмжээнд хүргэх асуудал тодорхой болж ирнэ.

Цаашид "Оюу толгой" компанийн зөвхөн үйл ажиллагааны тайлангаас гадна санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлдэг болох шаардлагатай байна. Гагцхүү эндээс "Оюу толгой" компани санхүүгийн хувьд хэр их "зовлон эдэлж" байгаа нь тодорхой болж ирнэ. Мөн "Оюу толгой" компанийн нуруунд үүрүүлсэн санхүүгийн дарамтыг үнэхээр бууруулж чадаж байна уу гэдгийг эндээс л олж харах боломжтой.

2022 онд "Оюу толгой" компани дахь төрийн мэдлийн 34%-д оногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн нь томоохон үйл явдал байсан. Ингэснээр манай улс 2051 он гэхэд ногдол ашиг авч чадалгүй хоцрохын сацуу 22 тэрбум ам.долларын өрөнд унах аюулаас аврагдсан гэсэн мэдээллийг тухайн үед өгч байв. Засаг өргүй болсон гэсэн гайхалтай сайхан мэдээг бид дуулсан. Гэхдээ гол асуудал болох "Оюу толгой" компанийн санхүүгийн ачааг бууруулах ажил тухайн үед мөн л орхигдсон юм. Чухамдаа тус компанийг санхүүгийн хувьд илүү өнгөлөг болгож байж гэмээнэ хувьцаа эзэмшигч талуудад өгөөж ахиу оногдох логик бий. Тэгэхээр одоо Оюу толгойн нуруун дахь ачааг ээлж дараатайгаар цөөлөх хэрэгтэй болж байна. Жишээ нь санхүүжилтийн хүүгийн дарамтыг 3% буюу түүнээс дээш хэмжээгээр буулгах боломжтой. Дээр нь улирал тутамд хүүнээс хүү тооцож буй зээлийн хүү тооцох аргачлалыг нэн даруй өөрчлөх, эндээс тооцогдсон нэмэлт зардлыг төслийн нийт зардлаас хасч тооцох зэрэг чухал алхмууд бий. Энэ нь олон улсын санхүүгийн болон зах зээлийн шударга зарчмын дагуу хийгдэх нэн тэргүүний алхмууд бөгөөд ингэснээр "Оюу толгой" компанийн ашигтай ажиллагаанд ахиц гарч, татвар, төлбөр, хураамж нэмэгдэх, хөрөнгө оруулалтын зардлаа илүү хурдан хугацаанд төлөх нөхцөл бүрдэнэ. Улмаар ногдол ашиг авах хугацаа тэр хэмжээгээр наашилна. Эндээс гарах үр дүн, зах зээлийн ханшийн өөрчлөлттэйгөөр гарч буй өгөөж зэргийг Засгийн газар болон "Оюу толгой" компанийн зүгээс нийтэд нээлттэй мэдээлэл тогтмол хүргэж байх нь төсөл тойрсон эргэлзээг арилгах давуу талтай.

Уг төсөл яах аргагүй цаашид урт хугацаанд Монголын эдийн засгийн хурдасгуур байх нь тодорхой. Гэхдээ төслийн өгөөж сул байх нь Монголын төдийгүй Рио Тинто-ийн нэр хүндэд ихээхэн сөрөг талтай юм. Монголын талын тухайд ганцхан ногдол ашиг горьдож суух биш уг төслөөс ААНОАТ, харилцан тохиролцох замаар нэмэлт АМНАТ болон бусад хэлбэрээр үр өгөөж хүртэх учиртай. Одоогийн байдлаар зөвхөн суурь АМНАТөлбөр хэлбэрээр Монголын талын хүртэх өгөөж хязгаарлагдаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоо сонсголын үеэр тодотгож байв.

БОЛОМЖОО АШИГЛАЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ БИДНЭЭС ХАМААРНА

"Оюу толгой" компанийн хувьд төслийн өр зөвхөн компаниар хязгаарлагдана, энэ нь Монгол Улс болон ард түмэнд хамаарахгүй. Монголд үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн л адилаар төслийн зээлийн санхүүжилт зөвхөн компаниар хязгаарлагдана гэж тайлбарлалаа. Энэ үг бол томоохон утга агуулгыг илэрхийлнэ. Эндээс Монгол Улс том төслийн санхүүжилтийн талаар чухал сургамж авч байна. Хөрөнгө оруулалтын дагалдах өртгийг заавал тооцож байх ёстойг илүү тод ойлгууллаа. Манай улс 2022 онд Оюутолгой дахь төрийн эзэмшлийн 34%-д оногдох өр төлбөргүй болсон. Ингэснээр "Рио Тинто" компанид Оюу толгойн их өр Монголд огт хамааралгүй гэж хэлэх эрх үүссэн байна. Дээр нь засагт зээлийн хүү тооцогдохгүй болсон эерэг тал бий. Гэвч бусдаар бол, тухайн үед Оюу толгойн үүрэх ачаа буюу зээлийн хүүгийн дарамт огт бууралгүй үлдсэн юм. Одоо харин дутуу үлдээсэн ажлаа гүйцээх цаг, хүлээлт ч их өндөр байна. Өөрөөр хэлбэл Оюу толгойн хөрөнгө оруулалтын өртгийг боломжит байдлаар бууруулах ажиллагаа явагдаж байна. Эс бөгөөс Монголын талын үр өгөөж дээшлэхгүй юм.

"Рио Тинто" ил болон далд уурхайн зэсийн төслийг бүрэн санхүүжүүлэх үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэвч үүнийхээ хариуд санхүүжилтийн зээлийн үйлчилгээний төлбөрийг хэт нэмэгдүүлж, ачааг "Оюу толгой" компанид үүрүүлсэн. Үүнд зээлийн баталгааны шимтгэл, нэмэлт хүү, хүүнээс хүү тооцох аргачлал зэрэг багтана. Үргэлж олон улсын жишиг ярьдаг "Рио Тинто" компанийн хувьд ялангуяа улирал тутам хүүнээс хүү тооцох аргачлалыг нэвтрүүлж, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон бусад холбогдох санхүүгийн гэрээнд уг заалтуудыг оруулсан нь манай улсын хувьд ихээхэн алдагдалтай нөхцөл болсон.

Мэдээж улирал тутам хүүнээс хүү бодогдох нь "Рио Тинто"-д томоохон өгөөж оруулна. Асар том хөрөнгө оруулалт бүхий төслийн хувьд өндөр хүү, хүүнээс хүү тооцох аргачлал зэрэг нь өгөөжийг үлэмж бууруулах нөхцөл болох нь гарцаагүй үнэн. Гэхдээ "Рио Тинто" санхүүжилтийн зээлийн хүүг эргэн харах боломжтой байхаар Монголын талтай гэрээлсэн, одоо энэ боломжоо ашиглаж чадах эсэх нь биднээс өөрсдөөс нь хамаарна.

Нөгөө талд зэс, алт, мөнгөний ханшийн гайхалтай өсөлт урт хугацаанд үргэлжлэхээр байгаа нь Оюу толгойн борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, зардлаа богино хугацаанд нөхөх боломж бүрдүүлэх нь тодорхой юм.

"Рио Тинто"-ийн тухайд Оюутолгой төслийн хувьцаа эзэмшигч талууд Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд ажиллах ёстой бөгөөд компанийн хувьд огтхон ч ногдол ашиг авч эхлээгүй байгаа бол Монголын тал аль хэдийнэ татвар хураамжаар ашиг хүртээд эхэлсэн гэж тайлбарладаг. Гэвч "Оюу толгой" компани төслийн санхүүжилтийн зээлийн зөвхөн хүүнд жил бүр 1.36-1.5 тэрбум ам.долларыг төлөх тооцоолол гараад буй. Харин "Рио Тинто"-ийн өөрийнх нь зээлийн хүүд төлдөг зардал группын хэмжээнд хамгийн ихдээ жилдээ 1 тэрбум хүрэхгүй ам.доллароор хэмжигдэж байна. Тэгэхээр "Оюу толгой"-н зээлийн хүүг бууруулах боломж "Рио Тинто"-д бий гэдэг нь харагдаж байна.

Эх сурвалж: Trading Economics

Нээлттэй сонсголоор "Оюу толгой" компанийн төлбөрийн чадварт эрсдэл учирч болзошгүй гэсэн "онош" тавигдаж буй нь санхүүгийн үзүүлэлтээр тодрон гарч буйг онцолсон. Энэ нь мэдээж зэсийн төслийг асар том зээлээр санхүүжүүлж буйн сацуу хүү өндөр байгаагийн илрэл. Оюу толгойн талаар 14 тэрбум ам.долларын ил болон далд уурхайн төсөл гэсэн ерөнхий ойлголт хүмүүсийн дунд бий. Гэхдээ нээлттэй сонсголд шинжээчийн танилцуулснаар, уг төслийн хүрээнд 2010-2024 онд нийт 21.9 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Энэ хугацаанд үндсэн зээл болон хүүгийн төлөлтөд нийт 8.9 тэрбум ам.долларыг төлөөд байгаа ажээ.

уг 2024 оны эцсийн байдлаар "Оюу толгой" компанийн зээлийн нийт үлдэгдэл 18.7 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүний 11.3 тэрбум ам.доллар (5.2 тэрбум доллар нь хуримталсан хүү) нь хувь нийлүүлэгчдийн зээл бөгөөд уг зээлийн хүүнд жил бүр 1.4 тэрбум ам.доллар бодогдон хуримталж буйг нээлттэй сонсголоор дуулгалаа. Тийнхүү зээлийн эргэн төлөлт хийгдсээр 2037 онд бүрэн барагдуулах үед нийт 25.1 тэрбум ам.долларыг (6.1 тэрбум доллар) үндсэн зээл болон (19.1 тэрбум ам.доллар) хүүгийн төлбөрт төлөх тооцоолол гарчээ. Эндээс "Оюу толгой" компанийн санхүүгийн байдлыг өөд нь татахгүй бол Монголын өгөөжийн тухай, жилд тэрбум долларын татвар хураамж авах тухай мөрөөдөх ч хэрэггүй нь тодорхой байна.

ХУУЧИН ЦАГИЙН ШИНЭ ТАНИЛ

Оюутолгойн Хянан шалгах түр хорооны 3 өдөр үргэлжилсэн сонсголоор Оюутолгойн бүлэг ордын хэсэгт хамаарч буй Жавхлант, Шивээ толгой талбайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй Канадын "Онтре ресурс" компанийн асуудлыг хэлэлцсэн. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан бүгд зэсийн том уурхайтай болно гэж хөөрцөглөж байх үед "Онтре"-ийн асуудлыг хэн ч үл анзаарсан. Тус гэрээнд "Онтре"-г (ХөОГэрээний 15.7.8-д) ганц заалтад "хавчуулаад” л өнгөрсөн. 2025 он хүртэл "Онтре"-г төдийлөн анзааралгүй явсаар уг компани нь Оюутолгойн маш чухал түнш болохыг ойлгож ухаарав. Хуучин цагийн шинэ танил гэхүү дээ. Энэ компани харагдаж байгаагаасаа илүү том бөгөөд урт хугацааны түнш болох нь Хойд Хюго үргэлжлэл, Херуга ордыг хамрах талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас илт харагдана.

Энэ талбайд тус компани "Оюу толгой" компанитай ашиг хуваах гэрээтэй. Ялангуяа ирээдүйд ашиглагдах зэсийн асар том нөөц бүхий Херуга ордын тухайд Оюутолгойн бүлэг ордын молибденийн нөөцийг бараг бүхэлд нь агуулж буй юм. "Онтре"-ийн асуудлаар Засгийн газар ухаалаг хэлэлцээр хийж чадвал манай улсад ихээхэн ашигтай шийдвэр гарах боломжтой. Гэхдээ хугацаа алдаж болохгүй. Учир нь одоо яригдаж буй гол асуудал болох Хойд Хюго үргэлжлэл дээр далд уурхайн олборлолтын үйл явц өрнөхөөр байгаа тул хэлэлцээрийг хурдавчлах шаардлага үүсээд буй. "Онтре"-тэй манай улс шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ тусад нь байгуулан, төрийн эзэмшлийн хувийг тогтоож, АМНАТөлбөрийг тогтворжуулаагүй хэлбэрээр хийх төлөвтэй байна. 

Тэгэхээр цаашид Оюутолгой ордын нөөцийн хэмжээ, түүний ашиглалт дээр "Рио Тинто" компанитай маш сайн тохиролцож, ойлголтоо нэгтгэх шаардлага үүсээд байна. Учир юу вэ гэвэл, бидний ЭБМЗ-өөр батлуулсан ордын нөөцийн дүнг сонсож уулга алдах нэг хэрэг. Харин Оюу толгой, Туркойз Хилл-ийн өмнө нь танилцуулж байсан тооцооллуудад 2051 он хүртэлх хугацаанд нийтдээ 1.4 тэрбум тонн хүдэр олборлож боловсруулна.

Эх сурвалж: УИХ-ын Хянан шалгах түр хороо

Тэндээс компани тойм тооцоогоор 11 сая тонн зэс, 320 тонн алт, 2300 тонн мөнгө олборлоно гэсэн төлөв гарч байсан. Тэгэхээр одоо бид ямар ч байсан 440 сая тонн хүдрийг боловсруулаад ашиглачихжээ.

Тодруулбал, 2024 оны эцсийн байдлаар 1.9 сая тонн зэс, 110 тонн алт, 360 тонн мөнгө бүхий баяжмал үйлдвэрлэн борлуулжээ. Одоогийн байдлаар бол зөвхөн Оюут ил уурхай, Хойд Хюго, Хойд Хюго үргэлжлэл дээр олборлолт төвлөрнө. Тэгэхээр энэ хэсэгт талууд ойлголтоо нэгтгэж, геологийн нэмэлт судалгаагаар нөөцөө арвижуулахын сацуу сорчлон олборлолт явуулаагүй гэдгээ нийтэд ил тод мэдээлж, ойлгуулах хэрэгцээ шаардлага үүссэн нь нээлттэй сонсголоор тодорхой боллоо. Мэдээж асар том зэс, алт, мөнгөний нөөцтэй Херуга болон Өмнөд Хюго орд дээр ирээдүйд шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ, шинэ төсөл хэрэгжүүлэх замаар олзворлолт хийх болов уу.

"Оюу толгой" компанийн хувьд уурхайг томоохон хөрөнгө оруулалтаар аюулгүй, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй нь маш эерэг үзүүлэлт мөн. Одоо гагцхүү хувьцаа эзэмшигч талууд болох манай улсын Засгийн газар, "Рио Тинто" компани хэлэлцээрийн ширээний ард сууж, бодит байдал дээр яах аргагүй "тоонд гүйцэгдэж" буй өгөөжийн асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ нь чухамдаа "Оюу толгой" компанийг санхүүгийн хувьд өнгөлөг болох, дарамтыг арилгах "тусгай ажиллагаа" байх болно.

Зах зээлд зэс, алт, мөнгөний үнэ шинжээчдийн тооцооллоос хол даван өсөж байгаа нь зэсийн төсөл эрхлэгч аль ч улс орны хувьд, тэнд төсөл хэрэгжүүлж буй компаниудын хувьд таатай хэрэг болох нь дамжиггүй. Гэвч эцсийн дүндээ төслийн тогтвортой ажиллагааны суурь нөхцөл болох харилцан ашигтай, өгөөжтэй байдлыг баталгаажуулах нь хамгийн чухал болоод байна.