
А.Халиун
Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо "Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)" сэдвийн дор болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд "Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт", "Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь", "Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ" зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцлоо.
Энэхүү жилийн уулзалт нь дэлхий нийтийн тулгамдсан асуудлууд болон боломжууд, эрчим хүчний шилжилт ба хиймэл оюуны хувьсгалд зэс, чухал ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг хөндөж, эдгээр баялгийн хэрэгцээ үлэмж нэмэгдэж байгааг онцлон хэлэлцэв.
Дэлхий дахин тогтворгүй байдалд буй энэ үед Давосын чуулганаар тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг хэрхэн бий болгох талаар улс орнуудын удирдагч нар санал солилцжээ. Мөн улс орнууд эрчим хүчний нөөцөө хэрхэн хангах вэ гэдэг ижил "сорилттой тулгарч" буйгаа хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр уулзалтууд өрнөсөн байна. Мөн 2035 он гэхэд зэсийн эрэлт өнөөгийнхөөс хоёр дахин нэмэгдэнэ хэмээн үзэж, одоо мэдэгдэж буй нийлүүлэлтийн таамгаас харахад зэсийн нөөц 30 хувиар дутагдахаар байна. Энэ нь дэлхийн эдийн засагт тулгарах хатуу сорилт болно гэж Канадын уул уурхайн Teck Resources Limited компанийн Гүйцэтгэх захирал Жонатан Прайс хэлснийг Английн Mining Digital-д онцолжээ.
ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТ ТҮР ЗУУРЫНХ БИШ
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ гурав дахь жилдээ өсөж байна. Тухайлбал, Лондоны металлын бирж дэх цэвэр зэсийн дундаж үнэ 2024 онд 9145 ам.доллар болж, өмнөх оноос 7.9 хувиар өссөн бол 2025 оны эхний долоон сарын байдлаар 9475 ам.долларт хүрсэн. Харин 2025 оны 12 дугаар сард 12 мянган ам.доллар давсан бөгөөд "Зэсийн үнийн энэхүү өсөлт түр зуурынх, 2026 онд үнэ буурна" гэж олон улсын шинжээчид таамаглаж, тэр тооцооллын дагуу зэсийн бизнес төлөвлөгөөндөө уурхайнууд болгоомжтой тооцоолол тусгасан байна.
Монгол Улсын 2026 оны улсын төсвийг төлөвлөхдөө Засгийн газар зэсэнд төдийлөн өндөр үнийн таамаг тавиагүй нь дараах тооцооллоос харагдана. Сангийн яам энэ онд 1.9 сая тонн зэсийн баяжмал борлуулахаар төлөвлөж, үнийг 9700 ам.долларoop тооцоолжээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2025 бизнес онд зэсийн үнийг 9486 ам.доллар байхаар тооцож байсан бол 2026 оны төлөвлөгөөндөө 9653 ам.доллараар тусгаад буй юм.
Гэвч бодит зах зээл дээр үнэ тасралтгүй цойлсоор 2026 оны нэгдүгээр сарын сүүлчээр Лондоны металлын биржид /LME/ тонн тутамд 13 мянган ам.доллар давж, үнэ түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцолж байна.
Давосын чуулганд оролцсон Шадар сайд Т.Доржханд, уулзалтын хүрээнд түлхүү гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзалтууд хийлээ. Бид өдөр тутам ажил, амьдралдаа хиймэл оюун ухааныг ашиглах болсноор эрчим хүчний хэрэглээ 10 дахин өссөн.
Дэлхий даяар эрчим хүчний технологийн гол материал болох зэс, чухал ашигт малтмал, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ огцом өсөж байна. Жишээ нь, гадаад хэл сурахын тулд аль нэг улс руу явж, тээвэр, байр гэх мэт өндөр зардал гаргахгүй, 20 ам.доллар төлөөд л гар утсаа ашиглан суралцах боломж бүрджээ. Энэ боломжийг хиймэл оюун ухаан олгодог ч гарч буй нийт зардлын дийлэнх нь эрчим хүчний зардал байдаг. Хиймэл оюун нь эрчим хүчний хэрэглээ өндөртэй ч бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Нефть, хий, уран, ногоон эрчим хүч болон бусад түүхий эдийн талаар тус чуулганы хэлэлцүүлэг өрнөлөө. Давост ирсэн бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч, эдийн засагчид зэсийн үнийн өсөлт богино хугацааных биш, урт хугацааных гэдэгт санал нэгдэж байна. Тэгэхээр үнэ ирэх жил ч өндөр хэвээр байх нь гэдэгт эргэлзэх зүйлгүй.
2025 оны сүүлчээр зэсийн үнэ огцом өссөн нь Чили, Индонез дэх зэсийн том уурхайнуудад осол гарсантай холбоотой богино хугацааны өсөлт гэж зарим эдийн засагч хэлж байв. Тийм биш гэдгийг Давосын чуулганд оролцож буй улс орны удирдагчид, эдийн засагчид хүлээн зөвшөөрч байна.
Хиймэл оюун, технологийн шилжилттэй холбоотойгоор газрын ховор элемент, зэсийн үнэ урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдана. Тэгэхээр эдгээр баялагтай улсуудад давуу тал үүсэх нь. Тухайлбал, Чили, Монголын талаар ярьж байна.
Ирэх 10-20 жил Монгол Улсын эдийн засаг өсөх давуу талыг технологийн хөгжил авчирч байна. Бид зэс, газрын ховор элемент, чухал ашигт малтмалын талаар ард иргэддээ сайн ойлгуулж, цаг алдалгүй эргэлтэд оруулахгүй бол хөгжлөөс хоцорно гэв.