
Б.Төгс
Үндэсний статистикийн хороо 2026 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлийг танилцууллаа. Инфляцын ерөнхий түвшин оны эхний сарын байдлаар 7.5%-тай гарлаа. Гэвч хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн өндөр буюу 12.6%-иар тэмдэглэгджээ. Түүнчлэн худалдааны үзүүлэлт төдийлөн сайнгүй дүнтэй гарлаа. Тодруулбал, дотоод худалдааны салбарын борлуулалт 2025 оны хэмжээнд 69.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оноосоо 2%-иар өссөн нь харьцангуй бага тэлэлтийг харууллаа.
Монгол Улсын эдийн засаг 2025 оны хэмжээнд 89.9 их наяд төгрөгт хүрч, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 34.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоосоо 2.2 их наяд төгрөг буюу 6.8%-иар өслөө. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 917.8 тэрбум төгрөг буюу 33.2%, үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 482.8 тэрбум төгрөг буюу 11.4%, уул уурхай, олборлолтын салбар 453.6 тэрбум төгрөг буюу 10.6%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: ҮСХ
Гадаад худалдааны гүйцэтгэлийг авч үзвэл, экспорт оны эхний сарын байдлаар 71.6%-иар өссөн бол импорт 13%-иар буурч, гадаад худалдааны тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарлаа. Экспортын 92.6%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн, 5.3%-ийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.
Оны эхний сарын байдлаар экспорт 730.2 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс 462.3 сая ам.доллароор буюу 2.8 дахин өссөн байна. Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 86.6 мянган тонноор өсч 221.6 мянган тоннд хүрсэн байна. Нүүрсний экспортын орлого оны эхний сард өмнөх оны мөн үеийнхээс 167.6 сая ам.доллароор буюу 35.4%-иар өссөн байна. Биет хэмжээгээр нүүрсний экспорт 4.3 сая тонноор өсч 10.1 сая тоннд хүрлээ. Боловсруулаагүй алтны экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 95.5 сая ам.доллароор буюу 2.3 дахин өссөн байна. Алтны экспортын биет хэмжээний хувьд 0.3 тонноор өсөв. Түүнчлэн лаазалсан махан бүтээгдэхүүний экспорт 8.3 сая ам.доллароор нэмэгдсэн зэрэг нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Импортын хувьд 30.7%-ийг эрдэс бүтээгдэхүүн, 21.7%-ийг машин, механик төхөөрөмж, 12.9%-ийг тээврийн хэрэгсэл, сэлбэг, эд анги, 6.7%-ийг үндсэн төмөрлөг, хүнсний бүтээгдэхүүн 7.1%-ийг тус тус бүрдүүлсэн дүн мэдээтэй байна. Импортын тухайд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.6%-иар буурсан бөгөөд үүнд суудлын болон ачааны автомашины импорт, тээврийн хэрэгслийн сэлбэгийн импорт буурсан нь голлон нөлөөлжээ.

Эх сурвалж: ҮСХ
Төлбөрийн тэнцлийн тухайд 2025 оны жилийн дүнгээр урсгал данс 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Ингэснээр төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан эерэг үзүүлэлт тэмдэглэгдлээ.
Mөнгөний нийлүүлэлт 2026 оны 1 дүгээр сард 46.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр (14.1%) өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр буюу 20.0% өссөн нь голлон нөлөөлжээ (21.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 4.5 их наяд төгрөг нь ААН-ийн хадгаламж).
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 78.2 (4.5%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 37.4 (2.2%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний сарын байдлаар 5.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөг буюу 55%-иар өссөн дүнтэй гарлаа. Энэ дотроо уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 1.8 их наяд төгрөг буюу 68%-иар өсчээ. Олборлох салбарын өсөлтөд металлын хүдэр олборлолт, чулуун болон хүрэн нүүрс олборлолтын өсөлт голлон нөлөөлжээ.