Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нигер улс "Orano" компанийн олборлосон ураныг буцаан өгөхөд бэлэн байна

Ч.Сансар

Нигер улс (Niger) "Somair" уурхай дээр "Orano SA" компанийн олборлосон ураныг Францын талд буцаан өгөхөд бэлэн болоод байна. Энэхүү шийдвэр нь тус улсын нийслэл хотод үл мэдэгдэх этгээдүүд халдлага үйлдэж, уран хадгалагдаж байгаа талбайд ойртсоноос хойш хоёр сарын дараа гарч байгаа юм.

Нигер улсын цэргийн удирдлагууд 2024 онд “Somair” уурхайг хяналтандаа авч, "Orano" компанийг хууль бусаар тус уурхайн үйл ажиллагааг зогсоож, өөрийн эзэмшдэг хувийг худалдахаар бэлдэж байсан хэмээн буруутгасан билээ. Хожим нь тус улсын удирдлагууд олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийг зөрчин уурхайгаас ураныг зөөвөрлөжээ. Ийнхүү цацраг идэвхт бодисыг жихадистуудын бүс нутгаар дамжуулан тээвэрлэсэн нь ихээхэн түгшүүр төрүүлсэн аж.

95 мянган тонн ураны баяжмал буюу шар нунтгийг "Orano" компанид буцаан өгөхөд бэлэн болоод байгаа гэж Нигерийн цэргийн удирдагч Абдурахаман Тиани улсын телевизээр дамжуулан мэдэгдлээ.

Энэ нь "Orano" компани "Somair" уурхайд ажиллаж байх хугацаандаа олборлосон 150,000 тонн ураны 63.4 орчим хувь юм. Төрийн эргэлтээс өмнө тус уурхайн 63.4%-ийг "Orano" компани эзэмшдэг байсан. Харин үлдсэн 36.6%-ийг Нигерийн төрийн өмчит "Sopamin" компани эзэмшиж байсан.

"Orano" компани нь Нигер улсад олон жил ажилласан бөгөөд тус улсын уул уурхайн салбар дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчдын жагсаалтад ордог байсан.

Энэхүү үйл явдал нь төрийн эргэлтээс хойш Нигер улс өөрийн байгалийн нөөц баялагтаа илүү хүчтэй хяналт тогтоохыг эрмэлзэж буйг харуулж байна. Ер нь Сахелийн бүс нутагт оршдог цэргийн дэглэмтэй улс орнууд барууны нөлөөг бууруулах, өөрсдийн нөөц баялагтаа хяналт тогтоохыг оролдож буй хандлага ажиглагдаж байна.

Нигерийн цэргийн удирдагч Хятадын Үндэсний газрын тосны корпорацтай (CNPC) байгуулсан газрын тосны гэрээг шударга бус гэж үзэж байгаа тул эргэн харж байгаа гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: mining.com