Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Faraday Copper компани BHP-тэй томоохон хэлцэл хийхээр төлөвлөж байна

Faraday Copper (TSX:FDY) компани Аризона муж улс дахь "Сан Мануэль" (San Manuel) төслийг худалдан авахаар BHP (ASX:BHP) группийн охин компанитай заавал биелүүлэх албагүй (non-binding) санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гэрээний дагуу хоёр тал худалдах, худалдан авах эцсийн гэрээг хэлэлцэн байгуулах бөгөөд Faraday компани шаардлагатай зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр төслийг эзэмших юм. Үүний хариуд Faraday компани өөрийн компанийн 30%-тай тэнцэх хувьцааг BHP-д олгохоор төлөвлөж байна.

Мөн BHP нь хувьцаа эзэмшигчийн тодорхой эрхүүдийг эдлэх бөгөөд ирэх 24 сарын хугацаанд Faraday-ийн аливаа хөрөнгө босголтын 30%-ийг (дээд тал нь 20 сая ам.доллар хүртэл) худалдан авч, хөрөнгө оруулалтаа баталгаажуулахаар тохиролцжээ. Хэлцэл 2026 оны 3 дугаар улирал гэхэд эцэслэгдэх төлөвтэй байна.

Faraday-ийн Гүйцэтгэх захирал Paul Harbidge энэхүү хэлцлийг "өөрчлөлт,  шинэчлэлт авчрах боломж"гэж тодорхойлсон. Учир нь Аризона дахь зэргэлдээ орших хоёр том ордыг нэгтгэснээр:

  • Олон үе дамжсан, АНУ-д үйлдвэрлэсэн зэсийн томоохон дүүрэг бий болно.

  • Дэд бүтцийг оновчтой ашиглаж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгана.

  • Орон нутагт эдийн засгийн томоохон боломжуудыг бүрдүүлнэ.

"Сан Мануэль" орд нь 1955-1999 оны хооронд 4.5 сая гаруй тонн зэс олборлож байсан бөгөөд тухайн үедээ АНУ-ын хамгийн том далд уурхайнуудын нэг байсан юм. Одоо Faraday-ийн "Copper Creek" төсөлтэй нэгдсэнээр одоо байгаа дэд бүтцийг хамтран ашиглах боломж бүрдэж байна.

Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн (WRI) мэдээлснээр, зэсийн эрэлт 2035 он гэхэд 22%-иар өсөж, 33 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Гэвч хуучин уурхайнууд хаагдаж, өндөр агуулгатай хүдэр ховордож байгаа тул 2030 оноос хойш нийлүүлэлт мэдэгдэхүйц буурах эрсдэлтэй байгаа юм.

АНУ жилд 2.5 сая тонн зэс хэрэглэдэг ч уурхай болон дахин боловсруулалтаас ердөө 1.7 сая тонныг хангаж байна. Энэ нь тус улсыг гадаад нийлүүлэлтээс хараат болгож байгаа юм. 2025 оны 12-р сард зэсийн үнэ тонн тутамдаа 12,000 ам.долларт хүрсэн. Одоогийн байдлаар зэсийн фьючерс үнэ өмнөх оны мөн үеэс 27%-иар өсөөд байна.

Эх сурвалж: mining.com.au