Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Монгол Улс дэлхийн өндөр технологийн сүлжээнд нэгдэх үү?

О.Дөлгөөн

Дэлхий дахин эрчим хүчний шилжилт болон өндөр технологийн "Аж үйлдвэрийн IV хувьсгал"-ын босгон дээр ирээд буй энэ үед газрын ховор элемент (ГХЭ) нь зөвхөн химийн үелэх системийн нэгэн бүлэг элемент байхаа больж, улс орнуудын технологийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын стратегийн "зэвсэг" болон хувирчээ. Ухаалаг утаснаас эхлээд сансрын технологи, цахилгаан автомашины соронзон хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний турбин хүртэлх бүхий л дэвшилтэт үйлдвэрлэл эдгээр элементээс шууд хамааралтай байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн ГХЭ-ийн зах зээлд БНХАУ абсолют давуу эрхтэй байна. Тус улс дэлхийн нийт олборлолтын 67 орчим хувийг, харин боловсруулах шатны 90 гаруй хувийг дангаараа хянаж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээг нэг улсаас хэт хараат болгож буй. Энэхүү монопол байдал нь өрнөдийн орнууд болон өндөр технологийн гол тоглогч болох Япон, Солонгос улсуудыг түүхий эдийн өөр эх үүсвэр хайх, нийлүүлэлтийн альтернатив коридор үүсгэх гео-эдийн засгийн эрэл рүү түлхэж байна.

Яг энэ эгзэгтэй цаг үед Монгол Улс өөрийн нөөц боломжоо дэлхийн зах зээлд танилцуулж, Халзан бүрэгтэй болон Хотгорын ГХЭ-ийн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах "хөдөлгүүр"-ээ асаав. Бидний өмнө ердийн нэг түүхий эд нийлүүлэгч байх уу, эсвэл нэмүү өртөг шингэсэн өндөр технологийн гинжин хэлхээний стратегийн чухал зангилаа болох уу гэдэг түүхэн сонголт тулгараад байна.

Дэлхийн хэмжээний энэхүү уралдаанд Монгол Улсын байр суурь, бодит боломж хаана байна вэ? Газрын ховор элементийн талаар олон талын байр сууриуд сонсогдож байгаа ч нэгдсэн мэдээлэл харьцангуй хомс байгаа юм. Харин үүнд хариулт болохуйц нэлээд дэлгэрэнгүй судалгааг ("Монголын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа" 2025.12) Ашигт малтмал, газрын тосны газраас боловсруулж нийтэд дэлгэсэн нь цагаа олсон чухал хэрэгцээтэй ажил боллоо.

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ: МОНГОЛ УЛСЫН ЭРДЭНЭСИЙН САН БА БОДЛОГЫН ТУЛГУУР

Монгол Улс энэхүү боломжийг зөвхөн ажиглагчийн нүдээр бус, стратегийн түвшинд харж байгаагаа "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогодоо тодорхой сийлсэн юм. Уг бодлогын баримт бичгийн 4.2.6-д "Дэвшилтэт технологийн түүхий эдийн талаар тусгайлсан бодлого боловсруулж, гадаадын өндөр технологийн хөрөнгө оруулалтыг татах", мөн 4.2.14-д "Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ" гэж заасан нь зүгээр нэг уриа төдий зүйл биш.

Өнөөдрийн байдлаар манай улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд газрын ховор элементийн зургаан томоохон орд бүртгэлтэй байна.

Эдгээр ордын нийт нөөцийг багцалж үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл агуулагдаж байгаа юм. Үүнээс гадна стронцийн исэл, фосфорит, цирконы исэл, ниоби зэрэг аж үйлдвэрийн стратегийн ач холбогдолтой дагалдах элементүүд хэдэн арван мянган тонноор хэмжигдэж байгаа нь манай улсын эрдэнэсийн сан хэр арвин болохыг илтгэнэ.

Салбарын үйл ажиллагааны хувьд 2024 оны жилийн эцсийн байдлаар газрын ховор элементийн ашиглалтын 9, хайгуулын 13 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж, нийт 66.9 мянган га талбайг хамарч байна.

Энэхүү мега төслүүд хэрэгжсэнээр зөвхөн төсвийн орлого нэмэгдээд зогсохгүй, мянга орчим байнгын ажлын байр шинээр бий болж, жилд дунджаар 900 мянган тонн хүртэлх баяжмал дэлхийн зах зээлд нийлүүлэх хэтийн төлөв харагдаж байна.

ХАЛЗАН БҮРЭГТЭЙ БА ХОТГОРЫН ТӨСӨЛ

Монгол Улсын ГХЭ-ийн салбарын эрхзүйн орчин нь өнгөрсөн хорин жилийн хугацаанд тогтвортой шилжилтийн шатыг дамжиж ирсэн. Тухайлбал, Халзан бүрэгтэйн ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгож, улмаар 2001, 2004 онуудад хайгуулаас ашиглалтын шатанд амжилттай шилжүүлсэн байдаг.

Одоо хүчин төгөлдөр буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 49.1 дэх заалтын дагуу баталгаажсан байна.

Өнөөдөр ГХЭ-ийн салбарт үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК болон "Хотгор минералс" ХХК-ууд ТЭЗҮ-ээ бүрэн боловсруулж, үйлдвэрлэлийн циклийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

ГХЭ-ийн чиглэлээр хайгуул хийж буй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч:

Эх сурвалж: АМГТГ (2025)

Халзан бүрэгтэй:

"Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн хэрэгжүүлж буй Халзан бүрэгтэй төсөл нь жилд дунджаар 5.0 сая тонн элсэрхэг хүдэр баяжуулж, 3.68%-ийн агуулгатай 70 мянган тонн гравитацын, 3.28%-ийн агуулгатай 430 мянган тонн флотацын баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Төслийн нийт хугацаанд 3.34%-ийн дундаж агуулгатай 7.37 сая тонн газрын ховор элементийн баяжмал гарган авч, нийт бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Ярант боомтоор дамжуулан экспортлохоор техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан байна.

Хотгор эрдэс:

Өмнөговь аймгийн Ханхонгор болон Цогт-Овоо сумын нутагт орших Хотгорын төсөл нь эдийн засгийн өндөр өгөөжөөрөө салбартаа тэргүүлж байна. Тус ордын 135.3 сая тонн хүдрийн геологийн нөөцөөс 95.1 сая тонныг нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахаар (Reserve) Tооцсон бөгөөд үүнд 882.4 мянган тонн ГХЭ-ийн металл агуулагдаж байна. "Хотгор минералс" ХХК-ийн боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар төсөл хэрэгжих хугацаанд улс болон орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь салбарын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.

Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд жилд 1.01%-ийн агуулгатай 4.5 сая тонн хүдрийг флотацийн аргаар баяжуулж, 5.62%-ийн агуулгатай 600 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэхээр тооцжээ. Төсөл хэрэгжих нийт хугацаанд 5.62%-ийн агуулгатай 13.1 сая тонн ГХЭ-ийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь урт хугацааны тогтвортой орлого бүрдүүлэх стратегийн ач холбогдлыг илтгэж байна.

Энд үйлдвэрлэх баяжмалд агуулагдах элементүүд нь онгоцны хөдөлгүүр болон сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон эд ангиудын суурь түүхий эд болдог.

ЭДИЙН ЗАСГИЙН ТӨСӨӨЛӨЛ БА НӨӨЦИЙН АНГИЛАЛ

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас танилцуулсан эдийн засгийн тооцоолол нь ГХЭ-ийг зөвхөн геологийн "хайгуул" биш, стратегийн "үйлдвэрлэл" гэж харах цаг болсныг салбарынханд санууллаа. Хэрэв Халзан бүрэгтэй, Хотгор зэрэг дотоодын хоёр томоохон төслийн хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлбэл, ашиглалт үргэлжлэх 23 жилийн хугацаанд нийт 22.6 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ. Эндээс нийт 2.3 их наяд төгрөгийг буюу (жилд 12.5 тэрбумаас 129.7 тэрбум төгрөг,) Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК 596.5 тэрбум төгрөг, Хотгор минералс ХХК 1.7 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.

Экспортын бүтцийн хувьд жилд дунджаар 552.8-903.0 мянган тонн ГХЭ-ийн баяжмал үйлдвэрлэж, гадаад зах зээлд 376.3-954.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвтэй байгаа юм. Сонирхолтой нь, 2024 оны байдлаар хайгуулын ажилд зарцуулсан 11.5 тэрбум төгрөгийн 70 хувийг зөвхөн суурин боловсруулалт, дээж шинжилгээнд зарцуулсан нь манай улсад лабораторийн болон нарийн технологийн дэд бүтэц дутагдалтай байгааг, нөгөө талдаа хөрөнгө оруулагчид маш өндөр зардлаар "эрх зүйн болон геологийн баталгаагаа" хангаж буйг харуулж байна.

ГХЭ-ийн салбарт үүсдэг нэг том төөрөгдөл нь геологийн нөөц (Resource) болон олборлох нөөц (Reserve) хоёрын ялгааг бүдгэрүүлж харах явдал юм.

Халзан бүрэгтэйн 268.1 сая тонн, Хотгорын 135.3 сая тонн хүдрийн нөөц нь зөвхөн геологийн тогтоогдсон хэмжээ юм. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж "ашиглах нөөц" болгон хувиргах үйл явц нь технологи, хөрөнгө оруулалтын асар том шүүлтүүрээр дамжина. Жишээ нь, "Хотгор" төслийн хувьд геологийн нөөц нь 135.3 сая тонн боловч яг олборлож болох үйлдвэрлэлийн нөөц нь 95.1 сая тонн буюу 30 хувиар бага байна. Геологийн нөөцийн хэмжээг сонсох нэг хэрэг боловч үйлдвэрлэлийн нөөц, түүнийг олборлох технологийн шийдэл нь хамгийн чухал болно. 

2024 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардлын хэмжээ:

Эх сурвалж: АМГТГ (2025)

Түүнчлэн ГХЭ-ийн төслүүдийг манай эдийн засгийн "зүтгүүр" болсон нүүрс, зэс, алтны мега төслүүдтэй харьцуулахад цэвэр ашгийн хэмжээ харьцангуй даруухан байгааг бодит тоо баримт хэлнэ. "Халзан бүрэгтэй” төслийн хувьд төслийн хугацаанд (48 жил) нийт 351.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар байгаа нь жилд дунджаар 7.3 тэрбум төгрөг, харин "Хотгор" төслийнх жилд дунджаар 189 тэрбум төгрөг байхаар тооцогджээ. Харьцуулж үзвэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ганцхан жилийн цэвэр ашиг л 3-4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь ГХЭ-ийн бүх төслүүдийн 20 гаруй жилийн ашгаас ч давж байна. Иймд бид ГХЭ-ийг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэгч гэж харахаас илүүтэй, технологийн гинжин хэлхээнд нэгдэх стратегийн "гүүр" гэж харах нь илүү бодитой юм.

БЭЭЖИНГИЙН МОНОПОЛ БАЙДАЛ БА ӨРНӨДИЙН СӨРӨГ ТАКТИК

Уул уурхайн салбарын нэр хүндтэй зөвлөх үйлчилгээний Wood Mackenzie агентлаг 2025 оны эцсийн тайландаа нэгэн сонирхолтой дүгнэлтийг онцолжээ: "Газрын ховор элемент (ГХЭ) бол орчин үеийн дипломат харилцааны хамгийн хүчтэй зэвсэг болов". Өмнө нь зөвхөн нарийн мэргэжлийн инженерүүд, эдийн засагчдын дунд яригддаг байсан "лантанидын бүлэг" өнөөдөр Цагаан ордон, Европын комисс, Хятадын Төрийн зөвлөлийн хэлэлцээрийн ширээний төвд заларч байна.

БНХАУ 2025 оны 4 дүгээр сараас эхлэн стратегийн ач холбогдол бүхий үнэт металлуудын экспортод хатуу хяналт тогтоож, тусгай зөвшөөрлийн тогтолцоог нэвтрүүлсэн нь дэлхийн өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй доргилт өгөв. Хятад энэхүү монопол давуу талаа олон улсын худалдааны хэлэлцээрт "хөзөр" болгон ашиглаж байгаа нь АНУ, ЕХ, Япон зэрэг томоохон хэрэглэгчдийг нийлүүлэлтийн альтернатив эх үүсвэр рүү эрчимтэй түлхэж байна.

Энэхүү хамаарлаас гарахын тулд Өрнөдийн орнууд Японы туршлага дээр үндэслэсэн "Зүгээр нэг худалдан авагч биш, эзэмшигч болох" тактик руу шилжив. Европын Холбоо өмнө нь ашигт малтмалыг зөвхөн бэлэн бүтээгдэхүүн байдлаар худалдан авдаг байсан бол одоо Австрали болон бусад гуравдагч орнуудын төслүүдийн хувьцааг шууд эзэмших (direct stake) замаар хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Тухайлбал, 2025 оны 11 дүгээр сард Европын Хөрөнгө Оруулалтын Банк (EIB) болон Австралийн Засгийн газар стратегийн түүхий эдийн салбарт хамтран ажиллах түүхэн тунхаглалд гарын үсэг зурж, санхүүжилтийн хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээр тохиролцов. "ЕХ-ны Стратегийн түүхий эдийн тухай хууль" (CRMA)-д дурдсанаар 2029 он гэхэд ГХЭ-ийн хамаарлаа 50 хүртэлх хувиар бууруулах зорилт тавьж, богино хугацааны төслүүдэд 3 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлж байгаа нь Монгол шиг нөөцтэй орнуудад санхүүжилтийн шинэ суваг нээгдэх бодит хүлээлт үүсгэж байна. 

Техник, эдийн засгийн үндэслэл хийгдэж, ашиглалтад бэлтгэгдсэн төслүүдийн мэдээлэл:

Эх сурвалж: АМГТГ (2025)

Гео-эдийн засгийн энэхүү архитектурт Канад улс G7-г даргалах хүрээндээ "Чухал ашигт малтмал үйлдвэрлэлийн холбоо" (СМРА)-г байгуулж, 6.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дайчлахаар болсон нь анхаарал татаж байна. Хамгийн гол шинэлэг зохицуулалт нь АНУ болон Австралийн хооронд байгуулсан "АНУ-Австралийн Стратегийн эрдэс баялгийн түншлэл" гэрээ юм. Үүгээр Хятад улс зах зээлийн үнийг санаатайгаар унагах замаар өрсөлдөгчөө дампууруулдаг тактикийн эсрэг "Үнийн доод хязгаар" (price floor) тогтоох механизмыг нэвтрүүлсэн нь шинэ тоглогчдод эдийн засгийн баталгаа болж байна. Мөн Канад, Францад байгуулагдаж буй ГХЭ-ийг дахин боловсруулах (recycling) үйлдвэрүүд болон Бразил дахь төсөлд АНУ-аас олгосон 465 сая долларын шууд зээл зэрэг нь Өрнөдийн орнууд түүхий эдийн төлөө "Checkbook diplomacy" буюу шууд санхүүжилтийн тактик руу эрчимтэй орсныг илтгэнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ БА ҮСРЭНГҮЙ ӨСӨЛТ

ГХЭ-ийн төслүүд нь макро эдийн засагт Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой шиг үсрэнгүй өсөлт авчрах магадлал багатай байна. Жишээлбэл, Халзан бүрэгтэй төслийн жилийн цэвэр ашиг (7.3 тэрбум төгрөг) нь нүүрсний экспортын ганцхан өдрийн орлоготой дуйж байгаа нь энэ салбараас хэт их ашиг горьдож, улсын төсвийг нуруундаа үүрнэ гэж хүлээх нь эрсдэлтэйг сануулна. Гэвч эдийн засгийн төрөлжүүлэлт талаасаа ГХЭ нь Монголыг зөвхөн "түүхий эд экспортлогч" гэх шошгоос салгаж, өндөр технологийн гинжин хэлхээний "найдвартай нийлүүлэгч" гэх шинэ статуст хүргэх боломжтой.

Бид цаашид зөвхөн баяжмал экспортлогч байгаад зогсохгүй, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх боломжийн өмнө ирээд байна. Үүний тулд Өрнөдийн орнуудын санал болгож буй санхүүжилтийг зөвхөн олборлолтод биш, харин нарийн технологийн лаборатори, судалгаа шинжилгээний төвүүдийг дотооддоо нутагшуулахад чиглүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Энэ нь бидний өмнө харсан хайгуул, шинжилгээний зардлын дийлэнх хувь гадагшаа урсаж буйг зогсоох, дотооддоо мэдлэг суурьтай эдийн засгийг цогцлоох цорын ганц гарц мөн.

Нөгөөтээгүүр, "Халзан бүрэгтэй" болон "Хотгор" зэрэг стратегийн төслүүд дээр хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээ, амлалтаа тууштай биелүүлж, тусгай зөвшөөрлийн залгамж чанарыг хатуу хадгалах нь чухал. Энэ нь зөвхөн хоёр төслийн асуудал биш, Монгол Улсыг дэлхийн тавцанд "итгэл даах найдвартай түнш" гэдгийг батлах сорилт юм.

Эцэст нь дүгнэхэд: Газрын ховор элемент бол Монгол Улсыг шууд баяжуулах "алтны уурхай" гэхээсээ илүүтэй, дэлхийн шинэ гео-эдийн засгийн архитектурт орох "нэвтрэх билет" юм. Бид энэхүү билетийг ашиглан дэлхийн өндөр технологийн нийлүүлэлтийн сүлжээнд "бодлого тодорхойлогч тоглогч" болон дэвших үү, эсвэл зүгээр л түүхий эдийн нөөцөө хадгалсаар "алдагдсан боломжийн түүх" болон үлдэх үү гэдэг нь бидний өнөөдрийн бодлогын хурд, зоримог шийдвэрээс шууд хамаарна.