
Эрдэнэ Ресурс (TSX: ERD, OTCQX: ERDCF, MSE: ERDN) компани Монгол Улсын баруун өмнөд бүсэд буюу Баянхонгор аймагт орших Хөндий Эрдсийн Дүүрэгт, Баянхөндий алтны ордоос зүүн зүгт 35 км-т орших компанийн 100% эзэмшлийн Зуун Мод молибден-зэсийн төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн болон техник, эдийн засгийн судалгааны явцын талаар (2026.02.17) мэдээллээ.
Эрдэнэ Ресурсийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, “Зуун Мод ордод гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүн нь газрын гадаргад ойр бүсүүдэд молибденийн хүдэржилт үргэлжилж, агуулга сайжирч буйг баталлаа. Түүнээс гадна, ордын хойд хэсгээр хүдэржилт гүндээ үргэлжилж буйг тогтоосон. Эдгээр үр дүн нь Зуун Мод ордын газрын гадаргад ойр нөөцийг нэмэгдүүлэх боломжтойг харуулсан бөгөөд 2026 оны дундуур танилцуулахаар төлөвлөсөн анхан шатны эдийн засгийн тооцоололд тусгагдана.”
Тэрээр үргэлжлүүлэн, “Хөндий Эрдсийн Дүүргийн дэд бүтэц сайжирч, молибден болон зэсийн эрэлт өндөр байгаа нь Зуун Мод ордыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнтэй зэрэгцэн, ижил төрлийн томоохон порфирийн системд хамаарах Хөвийн Хар зэсийн нээлтийн хүрээнд гүний геофизикийн судалгаанд тулгуурлан өрөмдлөгийн зорилтот бүсүүдийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.”
2025 оны сүүлээр тус компани өөрийн бүрэн эзэмшлийн Хөвийн Хар тусгай зөвшөөрлийн талбайд нийт 3,362 тууш метр бүхий 24 цооног өрөмдсөн байна. Тус талбай нь Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэсийн порфирийн системийг хамардаг. Хөтөлбөрийн хүрээнд: Зуун Мод ордын газрын гадаргаас эхлэн 150 метрийн гүн хүртэлх хүдэржилтийг шалгах 18 цооног, Хойд Рэйстрак бүсэд молибденийн хүдэржилт гүндээ үргэлжилж буй эсэхийг тодорхойлохоор нэг цооногийг (ZMD-98) гүн рүү тэлж өрөмдсөн. ZMD-98 цооногийн өргөтгөлөөс бусад бүх цооногийг -45°-аас -60° хүртэлх налуу өнцгөөр өрөмдсөн. Мөн зэсийн порфирийн бүсүүдийг шалгах зорилгоор 2 цооног (ZMD-162 ба 163), Зуун Мод ордоос баруун зүгт 3.8 км-т орших алтны хэтийн төлөв бүхий бүсийг шалгахаар гурван хайгуулын цооног өрөмдсөн. Энэхүү өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг шинэчилсэн нөөцийн тооцоололд тусган, 2026 оны дундуур танилцуулахаар төлөвлөж буй Анхан шатны эдийн засгийн тооцооллын суурь болгон ашиглана.
Газрын гадаргад ойр гүйцэтгэсэн өрөмдлөгөөр босоо чиглэлд 130 метр хүртэл гүнд өндөр агуулга бүхий молибден, зэсийн хүдэржилтийг огтолсон. Хэд хэдэн цооногт 112 метр хүртэлх гүнд 0.07% молибденийн эквивалент (“MoEq”) агуулга бүхий интервал огтолсон ба зарим цооног нь хүдэржилтээр төгссөн. Энэ нь хүдэржилт босоо болон дэд хэвтээ чиглэлд үргэлжилж буйг баталж, өмнө нь бага агуулгатай эсвэл хүдэржилтгүй хэмээн загварчилсан бүсүүдийг нөхөн тодорхойлсноор шинэчилсэн нөөцийн загварыг баталгаажууллаа.
Ордын хойд хэсэгт, харьцангуй бага судалгаа хийсэн талбайд өрөмдсөн ZMD-98 өргөтгөлийн цооног нь дийлэнх хэсэгт молибден, зэсийн хүдэржилт огтолж, 450 метрийн гүнд хүдэржилтээр төгссөн. Өмнө мэдээлсэн үр дүнтэй нэгтгэн үзвэл, энэхүү цооног нь Хойд Рэйстрак бүсийн төв хэсэгт 0.066% молибденийн эквивалент агуулга бүхий 374 метрийн (76-аас 450 метр) интервал огтолсон. Энэхүү өндөр агуулгатай бүс нь босоо болон хажуу чиглэлд нээлттэй байгаа тул цаашдын өрөмдлөгийг голлон энэ бүсэд чиглүүлэхээр төлөвлөж байна.
Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон молибден, зэсийн урт хугацааны төлөвийг харгалзан Компани нь Зуун Мод төслийн Анхан шатны эдийн засгийн тооцооллыг (“PEA”-Preliminary Economic Assessment) эхлүүлээд байна. Дээр дурдсан өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг 2026 оны 1-р улиралд нөөцийн шинэчилсэн загварт тусгаж, улмаар оновчлол, урьдчилсан загварчлал, техник тоног төхөөрөмжийн сонголт, олборлолтын хуваарь зэрэг судалгааны ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгэнэ.
Металл авалтын суурь таамаглалуудыг баталгаажуулах зорилгоор ордын хэд хэдэн бүсэд металлургийн туршилт, судалгааг хийхээр төлөвлөсөн. Түүнчлэн Баянхөндий уурхайн хүрээнд болон дүүргийн орчимд хэрэгжиж буй уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн хөгжил нь Зуун Мод төслийн хэрэгжилтэд эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Үүнд: тээвэр ложистик, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэлт болон ажиллах хүчний нөөц зэрэг хүчин зүйлс багтана. Байгаль орчны болон зөвшөөрлийн судалгааны ажлуудыг энэ онд зардлын тооцоолол, санхүүгийн загварчлалтай уялдуулан гүйцэтгэх бөгөөд Анхан шатны эдийн засгийн тооцооллыг 2026 оны 3-р улиралд эцэслэхээр төлөвлөсөн.