
А.Халиун
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого эрчимжиж буй дэлхий ертөнцөд 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ буурах төлөвтэй байгааг салбарын зарим төлөөлөл мэдэгдсэн. Дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын боломжоо бүрэн дайчлах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг тогтвортой хадгалах бодлого баримталж байна.
УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон билээ.
35 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Монгол Улс ч нүүрсний эрэлт буурч, үнэ унахаас өмнө баялгаа эргэлтэд оруулахыг зорьж буй орнуудын нэг бөгөөд Засгийн газраас ойрын жилүүдэд нүүрсний экспортыг эрчимжүүлэхийг зорилго болгов. Тиймээс Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл хангах ажлыг тус ордын лиценз эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудад үүрэг болгоод байна.
Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Бортолгой, Ончхараат, Оорцог, Бортээгийн ордыг тус компани эзэмшдэг. Бортээгийн орд нь 424 сая тонн нүүрсний нөөцтэй, үүний 95 хувь нь 6000-6500 Ккал илчлэг бүхий сул коксжих нүүрс, 5 хувийг дунджаар 5000Ккал илчлэгтэй эрчим хүчний нүүрс эзэлдэг. Нүүрсний чанарын хувьд сул зөөлөн коксжих буюу үнслэгийн хэмжээ 22-25 хувьтай орд аж.
Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, ЖОРК стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн бөгөөд шинэчлэн баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд бэлэн болно.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) зарыг 2026 оны 2 дугаар сардаа багтаан түгээхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Бортээгийн ордыг ойрын хугацаанд эргэлтэд оруулахын тулд хүсэл сонирхлоо илэрхийлсэн захидлуудаа хөрөнгө оруулагчдад илгээе. Тэндээс судлаад, үр дүнг УИХ-д танилцуулна. Эдийн засгийн эргэлтэд ороогүй ордоо ашиглалтад оруулж, урт хугацааны гэрээ байгуул гэсэн тогтоолыг УИХ-аас гаргаж, бодлогын дэмжлэг үзүүлж буй нь үйл ажиллагаа явуулахад таатай нөхцөл бүрдүүлж байна.
Гол нь ашиг сонирхлын зөрчил, алдаа эндэгдэлгүй Монгол Улсад хамгийн ашигтай гэрээ байгуулах нь чухал. Бортээгийн ордын нүүрсийг аль болох их хэмжээгээр экспортлох, болбол баяжуулж нэмүү өртөг шингээн гаргахыг чухалчилна хэмээгээд энэ ажлыг яаралтай, үр ашигтай зохион байгуулах үүрэг чиглэлийг Засгийн газрын 1 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдааны үеэр холбогдох сайд, дарга нарт өгсөн юм.
Мөн өдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг ажлыг хариуцах аж.
"Эрдэнэс Тавантолгой" компани олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтад оруулах, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах ба ордын лицензийг "Эрдэнэс Тавантолгой" компани өөрөө эзэмшинэ.
Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу биржийн үнээр нүүрсний борлуулалтыг хийхээр төлөвлөсөн. Цаашид эдийн засгийн илүү нарийвчилсан тооцооллуудыг гаргах бөгөөд 2026 онд багтаан Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэг тэрбум ам.долларын нэмэлт орлого олох зорилт тавин ажиллана. Мөн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусах үед баруун, зүүн Цанхийн ордоос олборлодог 30 сая тонн нүүрс дээр Бортээгийн ордоос нэмэлт 15 сая тонн нүүрсийг жил болгон экспортолж, Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу танилцуулав.
Манай улсын нүүрсний ганц худалдан авагч нь БНХАУ. Хятад улсын эрчим хүчний бүтцэд сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.
Дэлхийн эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал өндөр буй энэ үед манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний зургаан сард дунджаар 70 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40%-иар огцом буурав. Нүүрсний үнийн уналт төсвийн орлогыг бууруулснаар 2025 оны хэмжээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
2026 онд ч нөхцөл байдал дээрдэхээргүй байгаа учир энэ оны улсын төсөвт нүүрсний экспортын дундаж үнийг 70 ам.доллараар тооцож, 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан юм. Нүүрс зах зээлээс шахагдах хугацаа ойртсоор буйг Засгийн газар мэдрэх тусам яарч, ойрын 5-10 жилд нүүрсний экспортыг эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж буй нь Бортээгийн ордыг эргэлтэд оруулахаар шуурхайлж байгаагаас харагдах аж.
Бортээгийн төсөл хэрэгжсэнээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижна. Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэх юм.