Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

НҮҮРСНИЙ ТЭЛЭЛТ БА НОГООН БОДЛОГО

Б.Төгсбилэгт

Mонгол улс коксжих нүүрс, зэс, ноолуураараа дэлхийн зах зээлд түүхий эдийн томоохон нийлүүлэгчээр нэрлэгдэж байна. Чухамдаа дэлхийн өртгийн сүлжээний тавцанд эдгээр гурван салбар Монгол гэсэн нэрийг сийлж тамгалж байна гэж хэлж болно. Эндээс нүүрсийг онцлох нь зүйтэй. Нүүрстэйдээ өөрсдөдөө талархах цаг үед бид амьдарч байна. Нүүрсний тухайд “ногоон” эрчим хүчний ангилалд багтдаггүй тул нэр хүнд нь харьцангуй доогуур яваа нь үнэн. Гэвч яах аргагүй нүүрс манай улсад томоохон өсөлтийг авчирч байгаа нь бас үнэн. 

Манай улсын хувьд нүүрсний экспорт 2010 онд 16 сая тоннд хүрлээ гэж баяр хөөр болж байв. Удаах жилүүдэд нүүрсний борлуулалт 30 сая тонн руу аажмаар дэвшсээр манай улсын нүүрсний экспорт ер нь 40 шахам сая тонноор илэрхийлэгдэж, энэ түвшнээ хадгалах нь гэсэн төлөв давамгайлсан. Гэвч энэ таамаглал одоо нэгэнт бүрэн эвдэгдсэн. Нүүрсний экспорт 100 сая тонн руу очно, түүнээс ч илүү давна гэсэн том зорилтууд бодитоор яригдах болов. Саяхныг болтол дэлхийн коксжих нүүрсний экспортын зах зээлийн зураглалд Монгол гэсэн нэр огт харагддаггүй байлаа. Бидний зорилт болох 100 сая тонн нүүрс олборлож экспортолно гэдэг нь бид яах аргагүй дэлхийн анхаарлын төвд орж эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид харьцангуй том тоглогчдын нэг болжээ. Юу гэхээр манай улсын нүүрсний энэхүү тэлэлт нь дөнгөж эхлэл байж болох юм. Цаашид зөвхөн нүүрсний арвин их олборлолт бус дээр нь томоохон нүүрсний станцууд, аж үйлдвэрийн томоохон цогцолборууд ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Нүүрс бидэнд аль хэр том өгөөж авчрахыг одоо шууд таамаглахад дэндүү эртэднэ.

Монголын нүүрсний экспортын үсрэнгүй том дэвшлийн хувьд гадна дотногүй уулга алдаж байна. Гэхдээ яг энэ цаг мөчид бидний энэ өсөлт төдийлөн ногоон харагдахгүй байгаа нь нууц биш. Үүнийг бид тооцох л хэрэгтэй. Австрали, Индонез зэрэг нүүрсний томоохон тоглогчид олон улсын ногоон хурал, арга хэмжээн дээр хэлэх үгээ маш сайн бэлдсэн харагддаг. Тэдэнд өөрсдийн тоглолтын арга барил, стратеги бий. Бид тэдний түвшний томд орох тоглогч биш боловч нүүрсний шинэ төрөн гарч ирж буй тоглогчийн хувиар тэднээс эртнээс суралцаад явах нь зүйтэй биз ээ.

Их өсөлтийн нөлөөгөөр "нүүрс статус"- тай болсон Монгол өөрийн нөхцөл байдлаа олон улсын ногоон бодлогын өмнө маш сайн тайлбарладаг, басхүү өмгөөлдөг, авч гардаг ур чадварт суралцах хэрэгтэй болсон байж мэдэх юм. Бид олон улсын өмнө тодорхой асуултад тодорхой хариултаа өгч чаддаг байх хэрэгтэй тийм өдрүүд айсуй.

Өөрөөр хэлбэл нүүрсний салбарын өсөлт ногоон бодлогын уялдааг зэрэгцүүлэн авч явах нь тун нарийн төвөгтэй асуудал. Манай эдийн засгийн урт хугацааны хэтийн төлөвийг нүүрсний салбарын тэлэлт баталгаажуулж байгаа ч нөгөө талд ногоон сэдвийг орхигдуулж болохгүй. Хоёр чухал сэдвийн тэнцвэрийг олж явах нь Монгол улсын хөгжлийн зөв замнал мөн.

Нүүрсний тухайд бид голцуу ган хайлуулахад ашигладаг коксжих нүүрс экспортолдог бол дотооддоо эрчим хүчний нүүрсийг станцууддаа хэрэглэдэг. 2025 оны сүүлийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарын суурилагдсан нийт хүчин чадал 1808 МВт байна. Үүнээс дулааны цахилгаан станц 1464 МВт (81%), салхин цахилгаан станц 155 МВт (8.6%), нарны цахилгаан станц 155.5 МВт (8.6%), усан цахилгаан станц 26.04 МВт (1.4%)-ыг тус тус эзэлж байгаа тухай Эрчим хүчний яам мэдээлсэн. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд манай улсын эрчим хүчний нийт хүчин чадлыг 4168МВт-д хүргэхээр тусгасан. Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг ногоон хувилбар нь өнгөц харахад илүү гоёмсог, байгальд ээлтэй санагддаг ч нүүрс нь хамгийн найдвартай эрчим хүч мөн. Яг хэрэгтэй оргил ачааллын үед нүүрс бидэнд хамгийн гол эрчим хүчийг найдвартай, тогтвортой залгуулдаг бол сэргээгдэх эрчим хүчний хувьд харьцангуй өөр байдаг. Оргил ачааллын үед сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт хаашаа ч юм алга болчихдог. Бид сэргээгдэх төслүүдийн талаар 50МВт- ын хүчин чадалтай гэсэн боломжийн тоо сонсдог ч оргил ачааллын үед нийлүүлэлт нь тал хувь, түүнээс ч багаар хэмжигдэх удаа бий.

Нүүрсний станцын хувьд тийм зүйл байдаггүй. Яг "хэлсэн амандаа яс хүрдэг" онцлогтой. Нүүрсийг өмөөрч байгаа юм биш, бодит байдал ийм л байна. Тэгэхээр нүүрсний станц нь Монгол улсын хувьд яг одоогийн байдлаар цахилгаан, дулааны эрчим хүчний хувьд үнэхээрийн найдвартай, тогтвортой, басхүү хямд эх үүсвэр гэдэг нь батлагдаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсын ногоон бодлогын нөлөөгөөр нүүрсний нэр хүнд нь доошилсоор байгаа ч найдвартай, тогтвортой эрчим хүчний статусаа хадгалсаар байгаа юм. Чухам тиймдээ ч манай улсын хувьд цаашид чамгүй олон тооны нүүрсний цахилгаан станц барих шаардлагатай болж байгаа бөгөөд ирэх таван жилд нүүрсний станцын хүчин чадлыг одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна. Хөгжил дагаад эрчим хүчний үлэмж их хэрэгцээ прогрессоор өсөх нь дамжиггүй. Бидэнд Оюутолгой болон нүүрсний томоохон төслүүд, бусад аж үйлдвэрийн томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах хэрэгцээ тулгарна. Гэхдээ ногоон эрчим хүчээ мэдээж мартахгүй, зэрэгцүүлнэ. Гол нь ногоон эрчим хүчнээс хэт ихийг хүлээх хэрэггүй байж магадгүй.

Сэргээгдэх эрчим хүчний хувьд ирэх тавдугаар сард Монгол улсын анхны салхин станц болон нарны станцын дуудлага худалдаа зарлагдах товтой байгааг Эрчим хүчний яам өнгөрсөн оны сүүлээр АмЧам-ын хурлаар мэдээлсэн.

Энэ дуудлага худалдаанд манай улсын хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулагч нар өрсөлдөх боломжтой. Гэхдээ Олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний үнэ уг дуудлага худалдаагаар санасан хэмжээнд хүрч буурахгүй болов уу гэсэн болгоомжлол буйгаа дуулгасан. Одоогийн байдлаар салхин станцууд төвийн системд 1 КВт эрчим хүчийг 9.5 центээр борлуулж байгаа юм. Ирэх дуудлага худалдаагаар уг үнэлгээ хэрхэн доош буурах нь сонирхол татна.

Монголд баригдаж ашиглалтад ороод буй Бөөрөлжүүт зэрэг нүүрсний станц нь эрчим хүчээ КВт тутамд 8.5 центээр борлуулахаар гэрээ байгуулсан. Энэ нь харьцангуй үнэтэй тусч байгаа ч, найдвартай, тогтвортой нийлүүлэлт гэдэг нь сүүлийн өдрүүдэд илүүтэй харагдлаа. Сэргээгдэх болон нүүрсний станцуудын өрсөлдөөнийг өнгөрөгч өдрүүдийн цахилгааны хязгаарлалтын үеэр илүү тод мэдрэх боломжтой байлаа. Сэргээгдэх эрчим хүчний хувьд батарейны станцын тусламжтайгаар илүү тогтвортой байдлаар цахилгаан нийлүүлэх боломжтой гэж яригддаг. Гэхдээ батарейн станцын хөрөнгө оруулалтын зардал, үр ашгийн асуудлыг нарийн тооцоолох нь зүйтэй. Одоогийн байдлаар батарейн станцын зардал хамгийн багадаа 1МВт тутамд 100 мянган ам.долларын зардалтай байгаа нь мөн л өндөрт тооцогдож байгаа юм.

Манай улсын нүүрсний салбарт нүүрсийг гүн боловсруулан хийжүүлэх, шингэн түлш үйлдвэрлэх, цаашлаад устөрөгч үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжтой. Тэгэхээр бидний хувьд нүүрсний салбарт авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ нь асар нарийн түвшинд хөгжих хэрэгтэй нь харагдаж байна.

Эх сурвалж: Европын Комиссын EDGAR 2025 тайлан

Дээрх нь эрчим хүчний нүүрстэй холбоотой ойлголтууд. Харин манай улсын экспортын нүүрсний дийлэнх нь коксжих нүүрс. Уг төрлийн нүүрс нь жирийн нүүрстэй адилгүй, ган хайлуулахад оролцдог. Чухамдаа энэ бол "ховор эрдэс" гэж ойлгож болно. Тиймдээ ч Трампын захиргаа саяхан улсынхаа эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд стратегийн чухал эрдэс түүхий эдийн жагсаалтад коксжих нүүрсийг нэмж (2025.11) бүртгэжээ. Энэ нь төдийлөн гайхмаар хэрэг биш. Уг үйл явдал нь гагцхүү коксжих нүүрсний аль зэрэг чухал түүхий эд болохыг баталгаажуулсан л хэрэг боллоо. Дэлхий нийт гангийн эрин үед амьдарч байна. Бид хэдийгээр аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал, мэдээллийн технологийн эринд хөл тавьж байна гэж ярих дуртай ч ган бүтээгдэхүүнгүйгээр улс орны хөгжлийг нэгээхэн хором ч төсөөлөхийн аргагүй.

Тэгвэл яг одоогоор гангийн үйлдвэрлэлийг коксжих нүүрсгүйгээр бас төсөөлөх боломжгүй.

Нөгөө талд нүүрсний өсөлтөөс үүдэх хүлэмжийн хийн ялгаруулалтын өсөлтийг гадаад ертөнц ажигласаар байдаг. Энэ талаар гадаад улс орны ногоон байгууллагууд тодорхой хэмжилтүүд хийсээр байгааг санах хэрэгтэй. Яг одоогийн байдлаар манай улс дэлхийн хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын хувьд асар бага хувьтай байгаа. Гэхдээ нэг хүнд оногдох үзүүлэлтээр толгой цохиж яваа юм. Европын Комиссын судалгааны байгууллага болох EDGAR-aac гаргасан дэлхийн улс орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын 2025 оны тайланд Монгол улсын талаар тодорхой мэдээллүүд багтжээ. Уг тайланд хавсаргасан дата өгөгдлөөр бол, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтын үзүүлэлтээр манай улс газрын тос экспортлогч Катар, Кувейт тэргүүтэй орнуудын ард дээрээсээ зургадугаарт эрэмбэлэгджээ. Хамгийн том ялгаруулагч нар болох Хятад, АНУ, Австрали хүртэл нэг хүнд ногдох үзүүлэлтээр бидний ард оржээ. Ийнхүү бид нэлээд урдуур “дэвших" болсны гол шалтгаан нь цөөн хүн амтай үзүүлэлт боловч нөгөө талаас ашигт малтмал, тэр дундаа нүүрс олборлолт өсөх тусам ялгаруулалтын хэмжээ автоматаар өсдөгтэй холбоотой юм. Манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын өсөлтөөр хошуучилж байгаа салбараар түлш олборлолт нэрлэгдсэн байна. Уг судалгаанд нүүрс гэх үг төдийлөн дурдагдаагүй ч түлш олборлолт, ашиглалт гэсэн категорийн дор түлшний олборлолт, тээвэрлэлт, боловсруулалтаас үүдэх ялгаруулалтыг хамруулж авч үзжээ. Манай улсын хувьд түлш олборлолтоос үүдсэн ялгарлын хэмжээ 2024 оны байдлаар 2010 оныхоос даруй 300%-иар өсч 46 сая тоннд хүрчээ. Олборлолтын салбарын араас хөдөө аж ахуй, эрчим хүч хүлэмжийн хийн ялгаруулалтаар томоохон жин дарж байна.

Харин хүлэмжийн хийн ялгаруулалтын нийт үзүүлэлтээр манай улс 2024 оны байдлаар 104 сая тоннд хүрсэн нь дэлхийн нийт үзүүлэлтийн (53.2 тэрбум тонн) 0.2 хүрэхгүй хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн эрэмбийн үзүүлэлтээр манай улс 200 гаруй улсаас дээрээсээ 53 дугаарт орж байна. Дэлхийн ихэнх улс орнууд дундаж хэмийн өсөлтийг 1.5 хэмд хазаарлахын тулд 2050 он гэхэд тэг ялгаруулалттай болох амлалт өгөөд буй юм. Гэсэн ч дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ тасралтгүй өсөн нэмэгдсэн хэвээр.

Ногоон бодлогын эрчим дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ Парисын хэлэлцээрээс гарснаас хойш нэлээд суларсан гэж үзэж болно. Нөгөөтэйгүүр Европын холбооны хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ буурч байгаа ч, үйлдвэрүүдээ өөр улс руу нүүлгэсээр байгаа байдал ажиглагдана. Эндээс барууны орнуудын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ буурч, эсрэгээр Хятадын ялгаруулалтын хэмжээ үлэмж хурдацтайгаар нэмэгдэж буй дүр зураг харагдана. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Үндсэн агуулгаараа энэ үйл хөдөлгөөн нь утга төгөлдөр ногоон бодлого биш юм. Ингэснээр Европын аж үйлдвэрийн салбар уналтад орж ажилгүйдэл газар авч байна гэсэн нийгмийн шүүмжлэл ч бий болсон.

Эх сурвалж: Европын Комиссын EDGAR 2025 тайлан

Өнгөрсөн онд томоохон улс орнууд, ялангуяа Энэтхэг, Хятадын нүүрсний эрчим хүчний хэмжээ нэгэн зэрэг буурсан нь түүхэн үйл явдал боллоо гэж Carbon Brief мэдээлжээ. Эдгээр хоёр улсад нар, салхи, усан цахилгаан станцын хамрах хүрээ хурдацтай тэлсээр байгаа юм. Гэвч хамгийн сүүлийн үеийн байгальд хор багатай шийдэл бүхий нүүрсний шинэ шинэ станцууд шил дараалан ашиглалтад opcoop байна. Тухайлбал Хятадад ганцхан жилд 80ГВт- аар хэмжигдэх хүчин чадалтай нүүрсний станцууд ашиглалтад орж буй ажээ. Энэтхэгт ийм том хэмжээгээр яригдахгүй ч нүүрсний шинэ станцууд ээлж дараалан баригдсаар байна. Эндээс харахад нүүрс дэлхийн эрчим хүчний тавцанд “амь бөх”- тэй оршсоор байх ажээ.

Австрали, Индонез, Өмнөд Африк зэрэг томоохон орнууд нүүрсний станцуудаа хаах зоримог амлалтыг олон улсын ногоон хурлуудын индэр дээрээс бахархалтайгаар хэлдэг ч, станцуудыг хаах хугацаа дөхөхийн хэрээр "хугацааны тов"-оо сунгасаар байгаа юм. Байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Европын орнууд нүүрсний хуучин станцуудаа сэргээж байхад нүүрсний уламжлалт хэрэгцээтэй орнууд дадаж хэвшсэн салбараасаа зүгээр л “сэргээгдэх, ногоон" гэдэг нэрийн дор татгалзах нь шударга бус гэж үзэж байна. Түүнчлэн эдгээр оронд нүүрсний станцаа хаасных нь төлөө томоохон орнуудын амласан ногоон хөрөнгө оруулалт олгогдох явц ч таг гацсан нь байдлыг улам удаашруулж байгаа юм. Улс орнууд ногоон бодлогын огцом шилжилтээс зайлсхийж, эсрэгээр "хос морь"-той байхыг илүүд үзэж байна. Манай улс ч мөн энэ ангилалд багтах бололтой. Ямартай ч, манай улсын нүүрсний салбар өсөн дэвшиж байна. Иймд цаашид нүүрсний бодлогоо чухал салбар бүрд уялдуулан шинэ түвшинд тодорхойлох шаардлага зүй ёсоор урган гарна.