
Канад Улсын Торонто хотноо үргэлжилж буй дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том чуулган болох PDAC-2026-ийн хүрээнд “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон Канад-Монголын худалдааны танхим хамтран зохион байгуулсан юм. Арга хэмжээний гол зорилго нь Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улс орны эдийн засагт чухал нөлөөтэй стратегийн төслүүдийг дэлхийн тавцанд сурталчлахад чиглэв.
Арга хэмжээг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар нээж, Монгол-Канадын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэл, эрх зүйн орчны таатай нөхцөл, хөрөнгө оруулагчдад үзүүлж буй дэмжлэгийн талаар үндсэн илтгэл тавьсан юм.
“Азийн Батерей Металс” ХК, “Эрдэнэ Монгол” ХХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн төлөөлөгчид Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хайгуулын ажил болон стратегийн зорилтуудаа олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулав.
Арга хэмжээний үеэр “Яагаад Монголд хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай түнш” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнөв.
Тус хэлэлцүүлэгт Монгол болон Канадын төр, хувийн хэвшил, геологийн салбарын мэргэжилтнүүд оролцлоо. Оролцогчид Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар өргөн хүрээтэй санал солилцсон юм.
Эх сурвалж: МУУҮА