Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC) өнгөрсөн долоо хоногт дэлхийн ашигт малтмалын хайгуул, уул уурхайн төлөөллийг нэг дор цуглуулж, тус салбарыг улс орнуудын засгийн газар, хөрөнгө оруулагчид, уугуул иргэд болон оюутнуудтай холбодог 94 жилийн уламжлалт арга хэмжээг амжилттай үргэлжлүүлэв.
Энэ удаагийн PDAC чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс 32 гаруй мянган төлөөлөгчид ирж оролцсон нь 94 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
PDAC-ийн ерөнхийлөгч Карен Рийс: “Чуулга уулзалтын үед эрч хүчтэй уур амьсгал мэдрэгдэж байсан. Түүхий эдийн зах зээлийн таатай төлөв байдал салбарын хэмжээнд өөдрөг хүлээлт бий болгож байна. Үүний зэрэгцээ чухал ашигт малтмал нь эдийн засгийн өсөлт, эрчим хүчний шинэчлэл, батлан хамгаалах салбар болон орчин үеийн дэвшилтэт технологид ямар чухал болохыг төрийн байгууллагууд болон иргэд илүү сайн ойлгодог боллоо.” гэв.
Уг чуулга уулзалтад 1,300 гаруй байгууллага, компаниуд оролцож, үзэсгэлэн гаргасан нь PDAC-ийн түүхэнд хамгийн их талбай эзэлсэн арга хэмжээ болжээ. Тус үзэсгэлэн нь Торонто хотын "Metro Toronto" конвеншн төвийн хойд болон өмнөд барилгуудыг бүрэн эзэлж зохион байгуулагдлаа.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн PDAC 2026 уулзалт уул уурхайн салбарын төлөөлөгчид хоорондоо харилцаа холбоо тогтоох, хөрөнгө оруулах боломжуудыг ярилцах, шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулах таатай нөхцөл бүрдүүлэв. Чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд олон зуун илтгэгчид ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн төслүүд, санхүүжилттэй холбоотой шинэ боломжууд, тулгарч буй саад бэрхшээлүүдийг нарийвчлан хэлэлцсэн аж.
PDAC 2026 чуулга уулзалтад Канад улсын орон нутгийн болон холбооны түвшний бодлого тодорхойлогчид, дэлхийн олон орны засгийн газрын төлөөлөгчид оролцлоо. Тэдний оролцоо нь ашигт малтмалын нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, хариуцлагатай олборлолтыг дэмжихэд шаардлагатай бодлого, зохицуулалтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буйг илтгэж байгаа юм.
“Ашигт малтмалын салбарыг дэмжих, Канад улсыг эрдэс баялгийн хайгуул, олборлолтын салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байлгахад засгийн газрын зөв бодлого чухал үүрэг гүйцэтгэнэ. Канадын хайгуулын салбарт үйлчилдэг татварын хөнгөлөлтүүд, хууль эрх зүйн орчны тодорхой байдал нь улс орны өрсөлдөх чадвар болон хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад нэн шаардлагатай” хэмээн Рийс онцлов.