Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ГЕГ: Зэсийн баяжмалын экспортын орлого он гарсаар 2.5 дахин өсөв

Б.Төгс

Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар эхний хоёр сарын байдлаар 4622.3 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4%-иар өссөн (906.5 сая ам.доллар) тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөн хугацаанд экспортын дүн импортынхоос 1.47 тэрбум ам.доллароор давж, тэнцэл эерэг гарлаа.

Экспорт оны эхний хоёр сард 3.05 орчим тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 51.9% нэмэгдэв. Импортын тухайд оны эхний хоёр сарын байдлаар 1.58 тэрбум ам.доллартой тэнцэж өмнөх оны мөн үеийнхээс 7.9%-иар буурчээ.

Улсын хэмжээнд нийт экспортын 91%-ийг зэс, нүүрс, алт, төмрийн хүдрийн худалдаа бүрдүүллээ.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар зэсийн баяжмалын орлогын үзүүлэлт эрдсийн экспортыг хошуучиллаа. Тодруулбал тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспорт жингээр 420 мянган тоннд хүрсэн нь 50%-иар өссөн үзүүлэлт бөгөөд орлогын дүн нь 1.4 тэрбум ам.доллароор илэрхийлэгдэж даруй 154% буюу 2.5 дахин нэмэгджээ. Катодын зэсийн тухайд мөн экспортын орлого нь багагүй өсөлттэй гарлаа. Тодруулбал 1.22 мянган тонн цэвэр зэсийг гадагш нь худалдаалж 14.4 сая ам.долларын экспортын орлого оллоо.

Нүүрсний экспортын нийт үзүүлэлт он гарсаар эхний хоёр сарын байдлаар 16.5 сая тоннд хүрч 43%-иар өслөө. Нүүрсний экспортын орлогын дүн нь 1.05 тэрбум ам.доллароор хэмжигдэж 17% өсөв.

Алтны экспорт оны эхний хоёр сард 1.34 тонн буюу 223.5 сая ам.доллартой тэнцлээ. Энэ нь жингээр 24%-иар буурсан ч орлогын дүн нь ханшийн өсөлттэй холбоотойгоор 36%-иар нэмэгдсэн байна.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд мөн хугацаанд нийтдээ 1.29 сая тонн бүтээгдэхүүн экспортолж, 90.4 сая ам.долларын орлого олсон нь жингээр 18%, үнийн дүн 13.3%-иар өссөнийг илтгэнэ.

Жонш, цайрын баяжмал, газрын тос, молибденийн баяжмалын экспорт оны эхний хоёр сарын байдлаар бууралттай гарлаа. Энэ дундаа газрын тосны экспортоос оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 34%-иар доогуур буюу 30.2 сая ам.долларын орлого олжээ.

Харин хар тугалга, гянтболдын хүдэр, баяжмалын экспортын орлого огцом өссөн дүнтэй байна.

Эх сурвалж: ГЕГ