
Т.Бямбанаран
2025 онд дэлхий даяар өдөрт ойролцоогоор 106 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) тооцоолжээ.
Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд ердөө хоёр бүс нутаг давамгайлж байна. Тэр нь Хойд Америк болон Ойрх Дорнод. Уг бүс нутгууд нийлээд дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийн бараг 60%-ийг бүрдүүлдэг учраас эрчим хүчний зах зээлд асар их нөлөөтэй.
Энэхүү графикт АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагийн судалгаанд үндэслэн 2025 оны дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийг бүс нутгаар ангилан харуулжээ.
Хойд Америк 2025 онд дэлхийн хамгийн том газрын тос олборлогч бүс нутаг болж, нийт үйлдвэрлэлийн 29.9%-ийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд өдөрт дунджаар 31.8 сая баррель газрын тос үйлдвэрлэжээ.
Энэхүү нийлүүлэлтийн ихэнх хэсгийг АНУ бүрдүүлдэг аж. Тус улсын газрын тосны олборлолт 2025 онд түүхэн дээд хэмжээнд хүрч, сүүлийн 20 жилийн хугацаанд олборлолтын хэмжээ нь хоёр дахин өссөн. Мөн Канад улс ч олборлолтын хэмжээгээр дээгүүрт орж, 2025 оны 12 дугаар сард өдөрт 5 сая баррель газрын тос олборложээ.
Ойрх Дорнод нь 2025 онд өдөрт 31 сая баррель газрын тос үйлдвэрлэж, дэлхийн хоёр дахь том олборлогч бүс нутаг гэх байр сууриа хадгалсан. Энэ үзүүлэлтэд Саудын Араб голлох нөлөөтэй ба өдөрт 9.6 сая баррель газрын тос олборлож байна. Гэхдээ өнгөрсөн онд тус улсын газрын тосны өрмийн тоо 20 жилийн хамгийн доод түвшинд хүрсэн юм. Учир нь эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт байгалийн хийн үйлдвэрлэл рүү улам бүр шилжиж байгаатай холбоотой. 2030 он гэхэд байгалийн хийн олборлолт 60%-иар өсөх төлөвтэй байгаа.
Иран 2025 онд өдөрт 3.1 сая баррель газрын тос олборлосон ч 2007 оны оргил үеэс доогуур байна. Гэвч Ойрх Дорнодын бүс нутаг дэлхийн газрын тосны зах зээлд жинтэй хувь нэмэр оруулсаар байгаа. 2025 онд тус бүс Африк, Европ, Төв ба Өмнөд Америк, мөн Ази–Номхон далайн бүсийн нийлбэрээс давах хэмжээний газрын тос олборлосон юм.
Эх сурвалж: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг, Visual Capitalist