
А.Халиун
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай тус компанийн үйл ажиллагаа болон нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа.
"Эрдэнэс Тавантолгой" компанийн уурхайгаас Баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх туузан дамжуургыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ. Энэ байгууламж ашиглалтад орсноор бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ?
"Эрдэнэс Тавантолгой" компани (ЭТТ) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэл конвейерийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн онд ахлүүлсэн юм.
"Эрдэнэс Тавантолгой" XK- ийн нүүрс Баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрсний конвейер, бутлуур, тээврийн ачилтын байгууламжийг ашиглалтад оруулах улсын ажиллаж, ажлын комиссын байнгын хэсэг ашиглалтад хүлээж авах шийдвэрийг 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргалаа.
Монголд хамгийн урт буюу 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг 18 сарын хугацаанд ашиглалтад орууллаа.
Конвейер ашиглалтад орсноор жилд 10 сая тонн нүүрс баяжуулж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гарах боломж бүрдлээ. Баяжуулах үйлдвэрийн гол ач холбогдол нь түүхий нүүрсээ баяжуулж, нэгжийн үнийг нэмэгдүүлэхээс гадна ЭТТ-н олборлож буй бүх төрлийн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнслэг өндөртэй нүүрсийг дундаж болон сайн чанарынхтай холих замаар чанарыг дундажлан сайжруулах, ингэснээр Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ордыг сорчлохгүй, бүх төрлийн нүүрсийг худалдан борлуулахад маш том ахиц дэвшил гарах юм.
Нүүрсний зах зээлийн үнэ ямар түвшинд байна вэ?
2025 он бол нүүрсний зах зээлд хүндрэл бэрхшээл, сорилттой жил байлаа. 2025 оны эхний хагаст ялангуяа 5-6 дугаар сард БНХАУ-ын авах нүүрсний ханш сүүлийн 5-6 жилийн хамгийн доод түвшиндээ хүрсэн. Монгол Улсын нүүрс экспортолдог гол боомт болох ӨМӨЗО-ы Ганцмод боомтод хатуу коксжих нүүрсний үнэ татвар тооцоогүй дүнгээр 700 юань буюу цаад талдаа 100 ам.доллар болж буурсан. Оны хоёрдугаар хагасаас тодорхой хэмжээгээр үнэ өссөн.
Ганцмод боомтод өнөөдрийн байдлаар хатуу коксжих нүүрсний үнэ 1000 юань буюу 140 орчим ам.доллар байна.
"Эрдэнэс Тавантолгой" компани 2025 онд хэдий хэмжээний нүүрс экспортлов? Жилийн бизнес төлөвлөгөөндөө хүрсэн үү?
Манай компани Монгол Улсын нийт экспортын нүүрсний 30 орчим хувийг гаргаж байна. ЭТТ компани өнгөрсөн онд 28.7 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 27.3 сая Гашуунсухайт-Ганцмод боомтоор, тонныг 1.4 сая тонныг Ханги-Мандалын боомтоор экспортоллоо.
Нүүрсний үнийн уналтаас шалтгаалж эхний жилд хагас 11.9 сая тонныг экспортолсон бол сүүлийн хагаст 16.7 сая тонныг, үүний 9 сая тонныг нь дөрөвдүгээр улиралд экспортоллоо. Экспортын бас нэг онцлох үзүүлэлтийг дурьдахад, 2025 оны 12 дугаар сард ЭТТ компани байгуулагдсан цагаасаа хойш анх удаа нэг сарын хугацаанд 4 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд амжилт тогтоосон. Өмнө нь дээд тал нь сард 3.2 сая тонныг экспортолж байсан юм.
Гэвч бид сул байгаа боомтыг аль болох түлхүү ашиглах замаар гарцыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд 2025 оны 11, 12 дугаар сард Ханги-Мандалын боомтоор 846 мянган тонн нүүрс гаргалаа. 2025 оны 12 дугаар сард өдөрт манай компани 1144 тээврийн хэрэгслээр экспорт хийсэн. Үүн дотроо хамгийн гол үзүүлэлт нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар буюу хүргэж өгөх нөхцөлтэйгөөр биржээр арилжаалсан нүүрсний хэмжээг 2025 оны 12 дугаар сард 49 хувьд хүргэлээ.
Нүүрсийг биржээр борлуулахад хуучин гэрээ болох амны нөхцөлөөс илүү үнэд хүргэж буй юм. Тухайлбал, 2026 оны 1 дүгээр сард хатуу коксжих нүүрсийг 111 ам.доллароос дуудаж, дунджаар 125 ам.доллароор арилжаалж байна.
Нүүрсний тээврийг манай тал өөрөө хариуцаж байна уу? Тээвэрлэлтийг тонн тутамд ямар үнээр хийж байна вэ?
Этт компани нөхцөлтэйгөөр тээврээ өөрсдөө хариуцан нүүрсээ хүргэж өгөх зохион байгуулдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий гэрээний аргаар тээврийн компанийг сонгон шалгаруулдаг. Аж ахуйн нэгжүүдийн дунд үнийн санал авах сонгон шалгаруулалт зарлаж, хэн нүүрс тээвэрлэх вэ гэдгийг ил тод шийддэг. Энэ сонгон шалгаруулалтын үр дүнд 2025 онд нүүрсийг хамгийн хямд буюу тонн тутамд дунджаар 10.5 ам.доллароор Ганцмод боомтод хүргэж байна. Нүүрс тээвэрлэх тариф 2021, 2022 онд тонн тутамд 100 ам.доллароос дээш байсан.

Бид биржээр борлуулж буй нүүрсний тээврийн зардлыг хэмнэснээр нүүрсний үнийн уналттай байсан 2025 оныг амжилттай давлаа.
Гэхдээ дээр дурдсан тээврийн ханш өндөр байсан үед маш олон монголчууд нүүрс тээврийн машин зээлээр авж, зах зээлд хэт их машин бий болсноос шалтгаалж зээлийн дарамт зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Уурхайчид, нүүрс тээврийн жолооч, тээвэрчид бол энэ салбарыг нуруун дээрээ авч явж буй эгэл цагийн энгүй баатрууд гэдгийг бас онцлон дурдах нь зүйтэй.
Өнгөрсөн онд 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн.
2025 оны зөвхөн 12 дугаар сард татварт 330 тэрбум төгрөг, хуримтлалын санд 200 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Хуримтлалын санд 2024, 2025 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК нийт 500 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
Өнгөрсөн оны сүүлийн гурван сард биржийн арилжааг эрчимжүүлсэн. ЭТТ компани 2025 онд нийт 12.6 сая тонн нүүрсийг биржээр арилжаалсан. Үүнээс 390 сая ам.долларын 5.5 сая тонн нүүрсийг дөрөвдүгээр улиралд арилжаалж, Хятадын Ганцмод, Мандалын боомтод хүргэж өглөө.
Биржийн арилжааг эрчимжүүлснээр үр ашиг илүү нэмэгдэж байна. Цаашид биржийн арилжааг энэ түвшнээс буулгахгүй байх боломжтой юу?
Биржээр арилжаалах нүүрсний хувь хэмжээг нэмэгдүүлэхэд ЭТТ компани онцгой анхаарч байна. Биржээр арилжаалах нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн эхэнд 30 хувь байсан бол 6 дугаар сард 8.3 хувь болтлоо унаж, 7 дугаар сард 19, 8 дугаар сард 27 хувь болж өссөн. Харин 9 дүгээр сард 33, 10 дугаар сард 41, 11 дүгээр сард 44, 12 дугаар сард 49.04 хувьд хүрч, нийт экспортолсон нүүрсний бараг талыг нь биржээр арилжааллаа.
2026 оны 1 дүгээр сарын 26-ны байдлаар 3 сая тонн нүүрс уурхайгаас ачуулсан байна. Үүний 55 хувийг биржээр арилжаалсан нүүрс эзэлж байна.
Өөрөөр хэлбэл ЭТТ ХК-ийн өнгөрсөн хугацаанд байгуулсан буюу 2011, 2020 2021 онд байгуулсан урт хугацаат ам нөхцөлтэй гэрээний ачилт, экспортын хэмжээ тодорхой хэмжээнд буурсан.
Шинэ он гарсаар нэгдүгээр сард 90 сая ам.долларын үнэлгээ бүхий 912 мянган тонн нүүрсийг амжилттай арилжаалаад байна.
Биржээр баяжуулсан коксжих чанаргүй нүүрс, баяжуулсан гуравны нэг коксжих нүүрс, баяжуулсан коксжих нүүрс, мөн гуравны нэг коксжих, эрчим хүчний нүүрс гэх мэт 7-8 төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна.
ЭТТ компани нүүрсэндээ шинэ кодекс нэвтрүүлж, үнслэгээс нь хамааруулж ангилалд оруулан худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Овоолгын менежмент буюу овоолготой холбоотой мэдээллүүдийг худалдан авагчдад нээлттэй өгч байна. Тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулснаар ачаа эргэлтийг аль болох сайжруулах замаар нэгжийн өртгийг бууруулж байна.
2026 онд хэдий хэмжээний нүүрс экспортлохоор төлөвлөсөн бэ?
2026 онд 35 сая тонн нүүрс олборлож, 7 сая тонныг нь баяжуулах үйлдвэрт баяжуулж, нэмүү өртөг шингээн гаргах зорилт тавиад ажиллаж байна. Мөн хүргэж өгөх нөхцөлтэй Биржээр нүүрсний хэмжээг өсгөх, ордыг сорчлохгүй арилжаалах бүх төрлийн нүүрсийг борлуулахыг зорьж байна. Ялангуяа 2025 онд шинээр эхлүүлсэн Цанхийн баруун уурхайн хойд хэсэгт нээсэн шинэ талбайгаас олборлож буй үнс багатай, сайн чанарын 1/3 коксжих нүүрсийг түлхүү биржээр арилжаалахыг зорино. Чанар муутай овоолгуудыг баяжуулах үйлдвэртээ тодорхой хэмжээнд ашиглах, мөн кодексын дагуу чанарын үзүүлэлтээр үнэлгээ тогтоож, худалдан борлуулахыг зорин ажиллаж байна. Гашуунсухайт, Ганцмод боомтод нь нүүрсээ хүргэж, богино хугацаат арилжаа зохион байгуулахаар төлөвлөж байна.
2025 оны сүүлчээр БНХАУ-ын олон улстай холбогддог гүний боомтод нүүрсээ хүргэж өгсөн байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 6.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг Хятадын гүний буюу далайн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг 2025 оны 10 дугаар сард анх удаа зохион байгууллаа. Гуравдагч орнуудтай хиллэдэг боомт буюу зах зээлийн гүнд бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид нь хүргэхийг зорьж байна.
Нүүрсээ гуравдагч орны зах зээлд борлуулах боломжуудыг эрэлхийлж байна. ЭТТ компанийн баяжуулсан бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхлоо Энэтхэгийн төрийн болон хувийн хэвшлийн томоохон гангийн үйлдвэрүүд илэрхийлж байна. Үүнтэй холбоотой тээвэр логистикийн боломж нөхцөл, Энэтхэгийн гангийн үйлдвэрүүдийн хэрэглэж буй нүүрсний стандартад манай бүтээгдэхүүн нийцэж байгаа эсэх чиглэлээр уулзалтууд хийж байна.
Бид ихэнх нүүрсээ түүхийгээр нь зардаг. Эрчим хүчний нүүрсийг цахилгаан станц, цементийн үйлдвэрүүд ашигладаг. Коксжих нүүрсийг баяжуулах үйлдвэрт баяжуулж, дараагийн шатны үйлдвэрт коксыг ялган авсны дараа гангийн үйлдвэрт ашиглах кокс бэлэн болно.
Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг Та хэрхэн үнэлдэг вэ?
Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг харвал хамгийн сул тал нь тээвэр логистик.
Тээврийн үнэ хэт өндөр байсан учир Монгол Улс нүүрсээ хямд зардаг байв. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш бид тээврийн зардлын үнийн хөөрөгдлийг бодит түвшинд нь хүртэл бууруулж байна. Бид нүүрсээ өндөр үнээр зардаг болсон. Тэр хэрээр Монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжирч байна гэсэн үг.
2026 онд нүүрсний зах зээлийн үнэ ямар түвшинд байх бол? Нүүрсний зах зээлийн хэтийн төлөвийг та хэрхэн харж байна вэ?
Манай гол хэрэглэгч зах зээл БНХАУ-Д 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ өснө. 2030 оноос тогтмол буурах хандлагатай байна. Нүүрс юу юугүй хэрэглээнээс гарахгүй ч 2030 оноос хойш зах зээлийн тэлэлт байхгүй болно. Гангийн үйлдвэр ажиллаж байгаа цагт коксжих нүүрсний хэрэглээ тасрахгүй.
Монгол Улс БНХАУ-ын импортолж буй коксжих төрлийн нүүрсний 50 хувийг нийлүүлж байна. Гэхдээ нийт хэрэглээтэй нь харьцуулбал энэ бол маш бага үзүүлэлт. Хятад улс жилд 1.2 тэрбум тонн нүүрс хэрэглэж байгааraac 120-130 сая орчим тонныг нь импортоор авдаг. Үүний 50 хувийг Монгол Улс Тавантолгой болон Нарийнсухайтын бүлэг ордоос нийлүүлж буй юм.
Хүлэмжийн хийг бууруулах бодлоготой холбоотойгоор дэлхий нийтээр эрчим хүчний нүүрсний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурч болзошгүй. Гэхдээ ЭТТ-н гол борлуулалт нь коксжих төрлийн нүүрсний зах зээл юм. 2026 онд үнийн өсөлт гарахгүй ч 2025 оны сүүлч, 2026 оныхоо эхэн үеийн түвшинд байх болов уу гэж харж байна.
Судлаачдын үзэж буйгаар үнэ дээш, доошоо 5-10 хувь хэлбэлзэх болов уу гэсэн таамагтай байна. 2026 оны эхэнд Индонез улс нүүрсний олборлолтоо 200 сая тонноор бууруулснаа зарласан. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний төрлийн нүүрсний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэхийг үгүйсгэхгүй.