
The Mongolian Mining Journal - 2026.02-р сарын дугаар
Т.Бямбанаран
AНУ-ын Төрийн департаментын 2 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний анхдугаар уулзалтад Ази, Африк, Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн нийт 54 улс, түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчид оролцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улс багтсан нь дэлхийн стратегийн түүхий эдийн асуудлаарх цоо шинэ хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж, бодит оролцогчийн байр сууринаас нэгдэж буйг илтгэлээ.
Ашигт малтмалын их "өлсгөлөн"-гийн ирмэгт тулж ирсэн улс орнууд үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд зайлшгүй шаардлагатай нөөц баялгийн төлөөх чимээгүй өрсөлдөөнд дэлхий нийтээр татагдан орж байна. Аж үйлдвэржилтийн IV хувьсгалын нөлөөгөөр хиймэл оюуны тэсрэлт, дэвшилтэт технологи, сэргээгдэх эрчим хүчний шилжилттэй "дөрөө харшуулан" хурдлан айсуй энэ цаг үед критикал минерал, газрын ховор элементийн (ГХЭ) стратегийн ач холбогдол илт нэмэгдэж байна.
Иймд улс орнууд өөрсдийн давуу байдал, гео-эдийн засгийн байр сууринд тулгуурлан стратегиа тодорхойлох улмаар боломжтой бүхий л аргуудыг хэрэглэж байна. Нөөцтэй нь олборлож, технологитой нь боловсруулж, зах зээлтэй нь импортолж, зарим нь нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх замаар эрсдэлээ бууруулахыг зорьж буй юм.
Энэ удаагийн Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын уулзалт нь дээрх өрсөлдөөн, хамтын ажиллагааны огтлолцол дээр зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 50 гаруй улсыг нэгэн ширээний ард цуглуулж чадлаа.
Критикал минерал нь улс орнуудын хувьд энэ цаг үеийн "газрын тос, ган" мэт чухал болоод байгаа билээ.
АНУ-ын Дотоод хэргийн яам Геологийн судалгааны албаараа дамжуулан Критикал минералын жагсаалтыг шинэчилж, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-нд баталгаажуулсан. Уг жагсаалтад АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой, нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэлтэй ашигт малтмалуудыг тодорхойлсон байдаг. 2022 оны жагсаалтад нэмэлтээр 10 минерал оруулаад байгаа бөгөөд зэс, бал чулуу, литий, никель, мөнгө, гянтболд, уран тэргүүтэй нийт 60 ашигт малтмалыг хамруулжээ.
АНУ-ЫН ШИНЭ ТОГЛОЛТ
АНУ-ын хувьд дэлхийн критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг түнш орнуудын хүрээнд дахин зохион байгуулах, цаашлаад БНХАУ-аас хэт хамааралтай, эмзэг байдлыг саармагжуулахад энэхүү уулзалтын гол зорилго чиглэжээ. Гэхдээ BBC News-ийн мэдээлснээр АНУ болон оролцогч орнууд албан мэдэгдэлдээ БНХАУ-ыг нэр цохон дурдахаас зайлсхийв. Үүний оронд "гадаад нийлүүлэлт" хэт давамгайлж, ашигт малтмалын арвин нөөцтэй боловч санхүүжилтийн боломж хомс улс орнууд олборлолтоо өргөжүүлэхэд бэрхшээл тулгарч буйг онцлон дурдсан юм.
Үнэн хэрэгтээ критикал минералын салбарт Хятад улс яах аргагүй ноёрхож байна. "White & Case" олон улсын хуулийн фирмийн мэдээлснээр тус улс дор хаяж 15 төрлийн критикал минералын үйлдвэрлэлийн "судсыг” атгаж буй. Тухайлбал, дэлхийн хэмжээнд галлийн үйлдвэрлэлийн 98.7%, магнийн 95%, вольфрам буюу гянтболдын 82.7%, газрын ховор элементүүдийн 69.2%-ийг дангаар бүрдүүлж байна. Үүнээс гадна, боловсруулалт болон цэвэршүүлэлтийн шатанд ч тэргүүлэх байр суурьтай. Жишээлбэл, дэлхийн ГХЭ-ийн ойролцоогоор 90%-ийг тус улсад боловсруулдаг гэх тооцоо бий. Ийм учраас нийлүүлэлтийн сүлжээний хараат байдал стратегийн асуудал болон хувирч, АНУ тэргүүтэй орнууд дотоодын үйлдвэрлэл, нөөц, боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сувгаа "солонгоруулах" бодлого баримталж эхэлжээ.
Албаныхны тодорхойлсноор тус уулзалт нь түнш орнуудын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн бодлогыг уялдуулах, стратегийн түүхий эдийн зах зээлийг зохицуулах олон талт хамтын ажиллагааны дөнгөж "эхлэл" гэжээ.
"Clark Hill" хуулийн фирмийн үзэж буйгаар энэхүү уулзалтын зорилгыг дараах хэдэн чиглэлээр гүнзгийрүүлэн авч үзэж болно. Нэгдүгээрт, критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх. Хоёрдугаарт, Хятадаас хэт хамааралтай байдлыг бууруулах. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нар хэлэхдээ, критикал минералын боловсруулалт, цэвэршүүлэлтийн салбар дахь Хятадын давамгайлал нь геополитик, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулсан байна. Гуравдугаарт, түнш орнуудын хүрээнд критикал минералын худалдааны блок байгуулах зорилгыг агуулжээ.
САЙД НАРЫН АНХДУГААР УУЛЗАЛТ ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ
Тус уулзалт зөвхөн улс төрийн мэдэгдлээр хязгаарлагдсангүй. Харин бодит механизм, санхүүжилт, институтийн бүтэц бүхий шийдвэрүүдийг зарласан нь онцлог байлаа. Стратеги, олон улс судлалын төвөөс (CSIS) гаргасан нийтлэлд дурдсанаар Сайд нарын бага хурлаас гарсан томоохон үр дүнг багцлан дараах байдлаар илэрхийлж болно. Нэгдүгээрт, ойролцоогоор 12 тэрбум ам.долларын стратегийн нөөц бүрдүүлэх "Ргoject Vault" санаачилгыг зарлав. Хоёрдугаарт, олон талт форум болох "FORGE"-ийг үүсгэн байгуулав.
Гуравдугаарт, критикал минералын үнийн доод хязгаар (price floor) тогтоох, давуу нөхцөл бүхий худалдааны бүс байгуулах асуудлыг хэлэлцэв. Дөрөвдүгээрт, хоёр талт критикал минералын хамтын ажиллагааны 13 баримт бичигт гарын үсэг зурав.
Дональд Трампын засаг захиргаа дотоодын критикал минералын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх чиглэлд сүүлийн үед идэвхтэй ажиллаж буйн тод жишээ нь "Project Vault" санаачилга. Ерөнхийлөгч Трамп 2 дугаар сарын 2-нд Америкийн аж үйлдвэрийг дэмжих, түүхий эдийн хувьд гадаад хамаарлыг бууруулах зорилгоор стратегийн нөөц бий болгохоо зарласан.
Бараг 12 тэрбум ам.долларын үнэлгээтэй энэхүү хөтөлбөр нь АНУ-ын хувьд критикал минералын анхны стратегийн хуримтлал болж байгааг "S&P Global" судалгааны байгууллага мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт тасалдах, геополитикийн орчин хүндрэх, зах зээл огцом савлах үед дотоодын үйлдвэрлэл доголдохоос урьдчилан сэргийлэх "аюулгүйн гарц"-ыг барьж байгуулж буй нь энэ юм. Ингэснээр бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид нөөцийн хомсдолоос үүдэлтэй алдагдал хүлээх, үйлдвэрлэл зогсонги байдалд орохоос хамгаалах нөхцөл бүрдэх аж.
ГАДААД ХАМААРЛААС СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ РҮҮ: "РАХ SILICA"
Дээрх үйл явдлаас ч өмнө буюу 2025 оны 12 дугаар сард АНУ "Pax Silica" санаачилгыг эхлүүлсэн. Энэ нь АНУ-ын Төрийн департаментын хиймэл оюун ухаан болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын чиглэл дэх тэргүүлэх хөтөлбөр бөгөөд критикал минерал зэрэг стратегийн салбарт гадаад зах зээлээс хэт хамааралтай байдлыг бууруулах, итгэлт түншүүдийн хооронд эдийн засгийн хамтын ажиллагаar бэхжүүлэх зорилготой.
АНУ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Жакоб Хэлберг, "Хэрэв ХХ зууныг барилга гэж үзвэл "ноён нуруу" нь газрын тос, ган дээр тогтож байсан. Харин ХХІ зуун компьютер, түүнд шаардлагатай ашигт малтмалын хүчээр урагшилж байна" хэмээн онцолсон нь өнөөгийн шилжилтийг товч бөгөөд тодорхой илэрхийлжээ.
Уг санаачилгад Австрали, Их Британи тэргүүтэй 10 орон гарын үсэг зурсан бол Канад, Европын холбоо, Нидерланд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болон Тайвань оролцогчоор нэгджээ. Ийнхүү АНУ шаардлагатай критикал минерал, ГХЭ-ийн нөөцөө баталгаажуулах алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна.
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ГЕОСТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ: "FORGE"
Сайд нарын уулзалтаас гарсан өөр нэг томоохон үр дүн бол "FORGE" буюу "Байгалийн нөөцийн геостратегийн хамтын ажиллагааны форум"-ыг байгуулсан явдал. Энэхүү механизм нь Жо Байдены бүрэн эрхийн үед хэрэгжиж байсан "Minerals Security Partnership"-ийн өргөтгөсөн хэлбэр бөгөөд ашигт малтмал үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнуудыг нэгэн дээвэр дор холбох, олон талт бодлогын уялдаа холбоог хангах шинэ индэр болж байна. Форумыг энэ оны 6 дугаар сар хүртэл БНСУ даргалах ба гол зорилго нь:
ҮНИЙН ТОГТВОРЖИЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТҮЛХҮҮР
Уулзалтын үеэр голлон хэлэлцсэн бас нэг асуудал нь критикал минералын үнийн огцом савлагаа байв. Ж.Д. Вэнс, "Үнэ тогтворгүй байснаар урт хугацааны хөрөнгө оруулалт хийх бараг л боломжгүй" гэдгийг цохон тэмдэглэсэн. Тиймээс үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд жишиг үнэ тогтоох, гадаадын хэт хямд нийлүүлэлтээс хамгаалах тариф ашиглах, түнш орнуудад үнийн доод хязгаарыг мөрдүүлэх зэрэг бодлогын саналуудыг дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, стратегийн түүхий эдийг зах зээлийн "эрх чөлөө"-нд бүрэн даатгаад орхих бус, тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих зохицуулалттай орчин бүрдүүлэх зорилго илэрхий ажиглагдав.
Ийнхүү чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын анхдугаар уулзалт нь дан ганц яриа хэлэлцээгээр биш, санхүүжилт, бодлогын уялдаа, институтийн шинэ бүтэц, зах зээлийн зохицуулалтыг хамарсан бодит алхмуудаар өндөрлөсөн нь энэхүү салбар дэлхийн гео-эдийн засгийн голлох асуудлуудын нэгд зүй ёсоор багтах болсныг харуулж байна.
МОНГОЛ УЛС КРИТИКАЛ МИНЕРАЛЫН БОДЛОГОО ТОДОРХОЙЛОХ ЦАГ ИРСЭН
Дэлхийн олон улсад зэс, литий, никель, ГХЭ, цайр, кобальт, бал чулуу зэрэг түүхий эдийг "чухал ач холбогдолтой" буюу критикал минерал хэмээн ангилж, зарим нь "өндөр технологийн түүхий эд", "стратегийн түүхий эд" гэж нэрлэдэг. Мөн улс орнууд урт хугацааны стратеги, бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэх, өөрсдийн чухал ашигт малтмалаа тодорхойлж, тэдгээрийн тогтвортой, найдвартай нийлүүлэлтийг баталгаажуулах шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Энэхүү шаардлагын хүрээнд "Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний анхдугаар уулзалт" зохион байгуулагдаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцлоо. Уулзалтын үеэр тэрбээр 30 гаруй улсын Гадаад хэргийн сайд нартай хоёр талт уулзалт хийж, БНСУ, Япон, Энэтхэг, Латин Америкийн зарим орон, мөн Латви, Швейцарь, Итали, Мексик зэрэг улсын төлөөлөлтэй хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн нь Монгол Улсын стратегийн ашиг сонирхол бүс нутгийн хүрээнээс хальж, олон улсын хэмжээнд тэлэх болсныг илтгэнэ.

Хэлэлцсэн асуудлууд тодорхой байв. Критикал минералын хайгуул, олборлолт, боловсруулалтын бүх шатанд хувийн хэвшлийг хэрхэн татан оролцуулах, олон улсын хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх, санхүүжилт, технологи, тогтвортой хөгжил, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тулгарах сорилтыг хэрхэн хамтдаа бууруулах зэрэг асуудлаар ярилцав. Уулзалтын дараа сайд Б.Батцэцэг, "Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, критикал минералын бодлогоо тодорхойлохдоо бусад улсын сайн туршлагыг судлах нь зүйтэй" хэмээн онцолсон. Харин Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 онд гаргасан "Монгол Улсын газрын ховор элементийн хэтийн төлөвийн судалгаа"-нд дурдсанаар Монголын ГХЭ-ийн төслүүд хайгуулын шатнаас олборлолт, боловсруулалтын түвшинд төдийлэн ахиц гаргаж чадахгүй байгаа нь бодит сорилт хэвээр байна.
Манай улсын хувьд ГХЭ-ийн хайгуул хийгдэж, нөөц тогтоогдсон ордууд Монгол Алтайн нурууны хэсгээр орших бөгөөд Үндэсний геологийн албаны мэдээллээр 9 аймгийн 16 суманд нийт 26 илрэл, 6 орд бүртгэлтэй байдаг.
Нөөцийг нэгтгэн үзвэл 499.3 сая тонн хүдэрт 2.4 сая тонн газрын ховор элементийн исэл агуулагдаж буйгаас гадна дагалдах байдлаар стронцийн исэл, фосфорит, гематит, цирконийн исэл, ниобийн исэл, мөн шороон ордын элсэнд газрын ховор элемент, уран, торийн исэл, церийн исэл зэрэг нөөц бүртгэгджээ.
Харин бид зөвхөн түүхий эд экспортлогч орон байх уу, эсвэл энэхүү нөөцөө ашиглан дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлж, ухаалаг "тоглолт" хийх үү гэдэг стратегийн сонголтын өмнө тулж иржээ.
Ямартай ч сайд нарын анхдугаар уулзалт Монгол Улсыг олон талт механизмын нэгэн хэсэг болгож, тэр бүр айлчилж очих боломжгүй улс орнуудтай бодит яриа хэлэлцээ өрнүүлэх суурийг тавилаа. Энэ бол дипломат төдийгүй эдийн засгийн утгаараа томоохон алхам. Бид чухал ашигт малтмалын бодлогоо хэрхэн тодорхойлох, хөрөнгө оруулалтыг ямар шалгуураар татах, үүний зэрэгцээ байгаль орчин, нийгмийн хариуцлагыг стратегийн зорилготой хэрхэн уялдуулах вэ зэрэг асуултуудад нэн даруй шийдэл олох шаардлагатай тулгарчээ. Дэлхий дахинд критикал минералын эрэлт нэмэгдэж, олон боломж "хаалга тогших" үед Монгол Улс дараа дараагийн "нүүдлээ” урьдчилаад тооцчихсон байх нь юу юунаас илүү чухал болоод байна.