Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Баялгийн сангийн хөрөнгийг 2030 оноос иргэдэд зарцуулж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 48 дугаар тогтоолоор Үндэсний баялгийн сангийн асуудлаар иргэдтэй зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулах тогтоол баталсан. Үүний хүрээнд Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Баялгийн санг шударга, ил тод, нээлттэй, тогтвортой, хариуцлагатай тогтолцоо болгон, түүний хөрөнгийг удирдах институтийг төлөвшүүлэх зэрэг Баялгийн санг тойрсон асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, “Зөвлөлдөн шийдье” зөвлөлийн ажлын алба хамтран “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал (2026.03.17) зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хуралд холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, ШУА, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, уул уурхайн салбарын төрийн бус байгууллагууд, орон нутаг, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хурлыг нээж хэлсэн үгэндээ “Зөвлөлдөн шийдье зөвлөлдөх санал асуулгыг 2026 оны 4-р сарын 15-нд зохион байгуулах бөгөөд Баялгийн сантай холбоотой олон асуудлыг цэгцлэх үүднээс Зөвлөлдөх санал асуулгыг угтаж Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдэл юу байж болох зэргийг бүгдээрээ хэлэлцье. Иргэн баян бол улс баян. Үндсэн хуулийн заалтыг биелүүлж ард түмэндээ байгалийн баялгийн өгөөжийг тэгш, шударга хүртээх нь чухал. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Өнөөдрийн байдлаар Үндэсний баялгийн санд нийт 7.1 их наяд төгрөг хуримтлагдсан.  Үүнээс зургаан их наяд төгрөг Ирээдүйн өв санд хадгалагдаж байгаа бөгөөд үүнийг гадаадын банканд дөрвөн хувийн хүүтэй байршуулсан байгаа. Нэг их наяд гаруй төгрөг нь Хуримтлалын сангаар дамжаад Монгол Улсын иргэдийн дансанд байршиж байгаа. Иргэн бүрийн дансанд байгаа 175 мянган төгрөг 2030 он хүртэл арвижих ёстой. 2030 оноос иргэн бүр өөрсдийн хуримтлалын дансанд цугласан мөнгийг орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулаад эхэлнэ. Тэр хүртэл хадгалагдана. Өнөөдрийн энэ байдлаар байгаад байвал 2030 он хүртэл хангалттай өсөх үү. Байгалийн баялгийн өгөөжөөс иргэддээ яаж ахиу хүртээх вэ, ямар удирдлага, менежментээр авч явах вэ гээд олон талаас нь нээлттэй ярилцъя. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд 2030 он гэхэд Хуримтлалын сангийн хөрөнгийг арвижуулж иргэн бүрийн хуримтлалыг 10 орчим сая төгрөг болгоход анхаарч ажиллаж байна” гэв.

Хуралд оролцогчид газрын хэвлийн баялгийн өгөөжийг айл бүрийн хаалгаар оруулахын тулд ямар бодлого баримтлах, Үндэсний баялгийн сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ногдол ашгийг бодитой төвлөрүүлэх, баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүйд иргэддээ тэгш, шударга хүртээх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн удирдлага, менежментийг сайжруулах, хуваарилалтыг шударга болгох зэргээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

Эх сурвалж: "Чингис хаан Үндэсний баялгийн сан" ХХК