
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит хуралдаанд дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдал болон Монгол Улсын шатахууны хангамж, үнийн хэлбэлзлийн талаар танилцуулга хийлээ. Олон улсын геополитикийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор шатахууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах хариу арга хэмжээг ийнхүү эрчимжүүлэхээр болоод байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны эхний хоёр сард харьцангуй тогтвортой буюу дунджаар 2.5 хувийн өсөлттэй байсан бол энэ сарын эхнээс огцом нэмэгдэж эхэлсэн байна. Тодруулбал, Ойрхи Дорнод дахь цэрэг, дайны үйл ажиллагаанаас шалтгаалан Брент маркийн газрын тосны үнэ энэ сарын 08-ны өдөр хамгийн өндөр түвшиндээ буюу баррель нь 108.23 ам.долларт хүрсэн бол өчигдрийн байдлаар 102.99 ам.долларт хүрч хэлбэлзэж байна.
Манай улсын хувьд ОХУ-аас нийлүүлэх шатахууны хил үнэ дэлхийн зах зээлийн үнэтэй шууд хамааралтай байдаг тул дотоодын жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний хуралдаанаар импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Түүнчлэн шатахууны нөөцийг зузаатгах зорилгоор улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл, шаардлагыг боловсруулж дууссан бөгөөд энэ онд багтаан 150 мянган метр куб багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.