Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

МОНГОЛЫН ХӨРСӨНД НУТАГШИЖ БУЙ НОГООН ТАЙЛАНГИЙН ЖИШИГ

О.Дөлгөөн

Цаасан дээр л ногоон уурхай цэцэглэж байгаа боловч бодит байдалд томоохон сорилттой тулгарч байна. Олон улсын ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглалын стандарт (БОНЗ) Монголд нутагшихдаа тухайн орон нутгийн малчдын худаг, усны түвшинг сэргээх, ариун дагшин гол, нуурын экосистем, ай савын урсгал голдирлыг хадгалан үлдээх, бүс нутгийн эдийн засгийн үр өгөөжийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангах зэрэг нь анхаарал татсан хэвээр байна. Салбарын тэргүүлэх компаниудын танилцуулдаг гялалзсан амжилтын ард засаглалын чадавх, соёлын өвөрмөц хэв шинж, орон нутгийн итгэлцлийн асуудлууд оршиж байдаг.

Уул уурхайн салбарт ESG-ийн стандарт компаниудын сайн дурын хариуцлагын хүрээнд хэрэгжиж ирсэн ч өнөөдөр олон улсын зах зээлд нэвтрэх шалгуур, хөрөнгө оруулагчдын итгэлцлийн хэмжүүр болон өндөрсөж байна. Гэвч энэхүү “нийтлэг хэв шинж" Монголын нөхцөлд хэрхэн илэрч байна вэ?

Олон улсын түвшинд ESG нь PRI (Хариуцлагатай хөрөнгө оруулалтын зарчмууд) болон GRI (Дэлхийн тайлагналын санаачилга) зэрэг стандартуудаар дамжин олон улсын нийтлэг стандартын хэм хэмжүүр, тогтолцоо болон хэрэгжиж байна.

Европ болон Хятадын зах зээл үүнийг тогтвортой хөгжлийн үндсэн шалгуур хэмээн үзэж хууль эрх зүйн орчны хүрээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д энэ нь улс төрийн маргааны гол сэдэв болж, 2025 онд зохицуулагч байгууллагууд БОНЗ-ын шаардлагыг хангахаас ухарсан шийдвэр хүртэл гаргахад хүрчээ.

Дээрх улс төр, геополитикийн үзэл баримтлалын зөрүү нь Монгол шиг уул уурхайгаас хамааралтай оронд стратегийн эрсдэл дагуулж болзошгүй. Бид "ногоон" гэж тайлагнаж байгаа ч орон нутгийн хөрсөнд ямар үнэ цэнийг үлдээж буйг баримтаар нотлох, олон нийтэд ил тод тайлагнах шаардлага тулгарч байна.

ХЯНАЛТЫН МЕХАНИЗМ СУЛ БАЙНА

Монголын уул уурхайн салбарын гол сорилт нь ESG-ийн хэрэгжилт бус түүнийг хянах механизм сул. "Оюу толгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг олборлох үйлдвэрлэл явуулж байгаа томоохон компаниуд Дэлхийн тайлагналын санаачилга (GRI)-ын дагуу тайлангаа гаргаж эхэлсэн нь сайшаалтай боловч энэ нь нийт салбарын хэмжээнд "хэлбэр төдий" байх магадлал өндөр байна. Ялангуяа:

Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (SIA): Өнөөдөр Монголд нийгмийн нөлөөллийг үнэлэх бие даасан хууль байхгүйгээс иргэдийн оролцоог хангах, орон нутгийн эрх ашгийг хамгаалах үйл явцыг компаниудын "үзэмжийн" асуудал болгон хувиргаж байна.

Ил тод байдлын гацаа: Засаглалын (G) институтийн чадавх сул, иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байгаа нь ESG-ийн "Засаглал" болон "Нийгмийн" бүрэлдэхүүн хэсгүүдийг сулруулж, олон улсын үнэлгээнд Монгол Улсыг хойш татах суурь шалтгаан болж байна.

Уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийн цөм нь яах аргагүй усны асуудал байдаг. "Оюу толгой" компанийн нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус зарцуулж буй үзүүлэлт нь технологийн хувьд дэлхийн жишигт хүрсэн өндөр үзүүлэлт. Гэвч говийн бүсэд энэ нь зөвхөн хэмнэлтийн тухай статистик бус, харин бүс нутгийн оршин тогтнохуйн асуудал болон хувирдаг. Уурхайн үйлдвэрлэлд ашиглаж буй Галбын говийн гүний усны нөөц нь хэдэн мянган жилийн турш хуримтлагдсан, нөхөн сэргээгдэх боломжгүй гүний ус байдаг нь орон нутгийн иргэдийн дунд болгоомжлол, үл итгэлцлийг дагуулдаг гол хүчин зүйл хэвээр байна.

ГОВИЙН БҮСИЙН УУРХАЙН УСНЫ ХЭРЭГЛЭЭ БОЛ ОРШИН ТОГТНОХУЙН АСУУДАЛ

Ундайн сайрыг шилжүүлэх төслийн хүрээнд "Шинэ бор овоо" булгийг бий болгож, зэрлэг амьтад ундаалах усан хангамжийг нэмэгдүүлсэн нь инженерийн нүдээр харвал оновчтой шийдэл. Гэвч байгалийн унаган тогтоц, газрын доорх усны урсцыг хүний гараар өөрчилнө гэдэг нь урт хугацаандаа экосистемийн тэнцвэрт ямар үр дагавар авчрахыг бүрэн тааварлах боломжгүй юм. Компани урсац тогтвортой байгааг байнгын хяналт шинжилгээгээр мэдээлдэг. Гэвч уурхайн бүсээс алслагдсан малчдын худгийн усны түвшин буурах, булаг шанд ширгэх зэрэг үзэгдлийг орон нутгийн иргэд уурхайн үйл ажиллагаатай холбон тайлбарласаар байна. Эндээс л ESG-ийн Засаглал (G) буюу мэдээллийн ил тод байдал, оролцогч талуудын бодит хамтын ажиллагаа ямар үнэ цэнтэй болох нь харагддаг.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Ханбогд сумын төвийг орчин үеийн дэд бүтэцтэй, 40 мянган хүн амьдрах боломжтой цогц системээр хангасан нь бүс нутгийн хөгжлийн том алхам гэж хэлж болно. Гэвч уурхайн нөлөөллийн бүсэд байгаа малчин өрхүүдийн хувьд асуудал арай өөр өнцгөөс харагддаг.

Малчдын худаг сэргээн засварлах, нарны насос суурилуулах зэрэг төслүүд нь тухайн цаг үедээ үр дүнтэй боловч уул уурхайн тэлэлтээс үүдэлтэй бэлчээрийн хомсдол, тоосжилт ихсэх зэрэг суурь асуудлуудыг бүрэн шийдэж чаддаггүй.

Орон нутгийн иргэд болон уул уурхайн компани хооронд бүрдэх "Нийгмийн зөвшөөрөл" (Social License to Operate) буюу үйл ажиллагааны нийтээр хүлээн зөвшөөрөгдөх байдал нь зөвхөн хууль ёсны бичиг баримтаар хязгаарлагдах ёсгүй. Энэ нь малчдын амьдрах орчин, уламжлалт мал аж ахуйн ирээдүйд хэрхэн нөлөөлж байгааг бодитойгоор үнэлж, тэдэнтэй ижил түвшинд хэлэлцэж чадах эсэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, 100 гаруй худаг шинээр байгуулсан нь сайшаалтай хэрэг боловч тэрхүү худгийг тэжээж буй гүний усны нөөц нь уурхайн олборлолтоос хамааран хэдэн жилийн настай үлдэх вэ гэдэгт иргэд шинжлэх ухаанч хариулт нэхсээр байна.

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ТУХАЙН АЙМАГ, СУМАНД ХИЙХ НЬ ЧУХАЛ

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдад хийгдсэн 1,215 га талбайн нөхөн сэргээлт бол уул уурхайн салбарын түүхэнд дурдагдах томоохон бүтээн байгуулалт. Хариуцлагагүй олборлолтын балгаар сүйдсэн газрыг "Оюу толгой" компани өөрийн хөрөнгөөр засаж, 36.4 сая мод тарьсан нь байгаль орчны "дүйцүүлэн хамгаалал"-ын сонгодог жишээ болсон. Гэвч энэ нь нөгөө талдаа "Говьд учруулсан нөлөөллийг Хангайд нөхөх" гэсэн логик руу хөтөлж буйг ч анхаарах хэрэгтэй.

Биологийн нөхөн сэргээлт нь тухайн бүс нутгийн экосистемийг унаган төрхөд нь оруулахад чиглэгдэх учиртай. Говийн хөрсөн дээр үүссэн эвдрэл, тоосжилт, ургамлын бүрхэвч доройтож буй асуудлыг Сэлэнгэд мод тарьснаар статистикийн хувьд "ногоон" болгож харагдуулж болох ч, Ханбогдын байгаль орчинд үзүүлэх бодит үр нөлөө нь өөр өөр байдаг. Иймээс ESG тайлан дээрх "Нөхөн сэргээсэн талбай" гэх үзүүлэлт нь газар зүйн байршил, орон нутгийн иргэдийн амьдралын чанарт үзүүлж буй шууд нөлөөллөөрөө нарийвчлан задрах шаардлага тулгарч байна.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН ESG

Салбарын ногоон хөгжлийг зөвхөн байгаль хамгааллаар хязгаарлах өрөөсгөл юм. ESG-ийн "Нийгэм" (Social) болон "Засаглал" (Governance) хэсэгт "Эрдэнэт үйлдвэр" үндэсний хэмжээнд хэмжигдэхүйц нөлөө үзүүлж байна.

2023 оны байдлаар тус үйлдвэр 22,000 гаруй ажлын байрыг бий болгосон нь Монгол Улсын 100 ажилтан тутмын хоёр нь "Эрдэнэт"-ээс хамааралтай орлоготой байна гэсэн үг юм. Үйлдвэрийн нэг ажилтан цаанаа нэмэлтээр хоёр ажлын байрыг эдийн засагт "бүтээж" бий болгодог нь энэ салбарын эдийн засгийн үржүүлэгч нөлөө (Multiplier effect) ямар өндөр болохыг харуулж байна.

2010-2023 онд "Эрдэнэт үйлдвэр" байгаль орчны чиглэлд 45 тэрбум төгрөг зарцуулж, 1,309 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ нь ойролцоогоор 1,680 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээ юм.

Тус үйлдвэрийн дэргэдэх "Ойн генетик нөөцийн төв", "Хөрсний инновац, биотехнологийн төв" зэрэг нь нөхөн сэргээлтийг зөвхөн мод тарих төдий биш, шинжлэх ухаанч түвшинд хөгжүүлж буйн илрэл юм. Тэр дундаа Ил уурхайн овоолго дээр 53,000 мод тарьж ургуулсан нь "эвдэрсэн газрыг амь оруулах" бодит туршилт болжээ.

Уул уурхайн ESG стратегийн хамгийн амжилттай хэлбэр нь хүний нөөц, боловсролд оруулсан хөрөнгө оруулалт байдаг. Сүүлийн 13 жилд "Эрдэнэт үйлдвэр" боловсролын салбарт 120 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний хүрээнд хэрэгжсэн "Нүхэн жорлонг солих" төсөл Монгол Улсын гурван цэцэрлэг тутмын нэгд хүрсэн байна. Энэ нь орон нутгийн хүрээнээс давсан, үндэсний хэмжээний нийгмийн нөлөөлөл болжээ.

Гэвч дээрх эдийн засгийн нөлөө орон нутагт бүрэн шингэж чадахгүй байна. Учир нь Орхон, Булган зэрэг бүсэд жижиг, өрхийн бизнес давамгайлж, үйлдвэрийн ажилчдын худалдан авалтын эргэлтийг даах олон төрөлт эдийн засаг хараахан бүрдээгүй хэвээр. Энэ нь уул уурхай дагасан хотуудын хувьд ESG-ийн "Тогтвортой хот, иргэдийн оролцоо" гэсэн шалгуурт тулгарч буй томоохон сорилт юм.

Эрдэнэт үйлдвэрийн шууд болон үржүүлэгчийн нөлөөгөөр бий болгосон ажлын байрны тоо, мянган хүн

Эх сурвалж: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (2025)

УСНЫ "ЗАСАГЛАЛ" ESG-ИЙН ЭМЗЭГ ЦЭГ ХЭВЭЭР БАЙНА

Уул уурхайн компаниуд усыг үйлдвэрлэлийн түүхий эд, технологийн нөөц гэж хардаг бол малчдын хувьд энэ нь амьжиргаа, уламжлалт ахуйгаа залгах түүхэн дархлаа нь юм. Судлаач Сара Л. Жексоны Монголын байгаль орчны засаглалын талаар хийсэн судалгаанд дурдсанаар, Монголын байгаль орчны засаглал сул байгаа нь ESG-ийн "G" (Governance) шалгуур дээр хамгийн тодоор илэрч байна. Тухайлбал, "Урт нэртэй хууль" (Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль) болон Усны тухай хуулийн хэрэгжилт Стратегийн ордуудад харилцан адилгүй үйлчилдэг нь уул уурхайг давуу эрхтэй хэрэглэгч болгон хувиргаж, нөөцийн хуваарилалтын тэгш бус байдлыг үүсгэх нөхцөл болдгийг онцолжээ.

Түүнчлэн орон нутгийн иргэдийн байр суурь Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдах хандлага тогтсон нь иргэдийн оролцоог хэлбэр төдий болгох эрсдэлтэй юм. Малчдын олон жилийн ажиглалт, туршлагыг зөвхөн техникийн хүчин зүйлээр тайлбарлах нь тэдний үнэлэмж болон мэргэжлийн дүгнэлтийн хооронд итгэлцлийн ан цав үүсгэж байна.

Монгол Улс дэлхийн зах зээлд "Minegolia" нэрээр гарч ирэхдээ уламжлалт мал аж ахуй, байгалийн нөөцийн дархлаагаа золиослох замаар хөгжиж байна уу гэх айдас говийнхонд түгээмэл байна.

Уул уурхайн салбар ДНБ-ийг өсгөж, улсын төсвийг бүрдүүлж байгаа хэдий ч энэ нь бүс нутгийн усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж байвал ESG-ийн тогтвортой хөгжлийн агуулгатай нийцэхгүй. Өнгөрсөн зуунд төр усны дэд бүтцийг сайжруулан говьд амьдрах таатай орчин бүрдүүлэхийг зорилго болгож байсан бол өнөөдөр гүний усыг үйлдвэрлэл рүү чиглүүлж буй нь засаглалын бодлогын эрс өөрчлөлт болохыг судалгаа харуулж байна.

Монгол Улсын эдийн засгийн амин судас болсон уул уурхайн салбарт "ногоон" гэх тодотгол нь PR-ын хэрэгсэл үү, эсвэл хариуцлагатай уул уурхайн баталгаа юу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна. "Оюу толгой" болон "Эрдэнэт үйлдвэр"-ийн жишээнүүдээс харахад томоохон тоглогчид ESG стандартыг өөрсдийн үйл ажиллагаандаа амжилттай нутагшуулж, байгаль орчны нөхөн сэргээлт болон нийгмийн хөрөнгө оруулалтад хэдэн арван тэрбум төгрөг зарцуулж байгаа нь үгүйсгэх аргагүй бодит факт юм. Гэвч энэхүү "сайн" жишээ нь нийт салбарын хэмжээнд ижил түвшинд хүрч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

Хамгийн гол зөрчил нь компанийн гаргаж буй "шилэн" тайлан болон орон нутгийн иргэдэд хүрч буй "бодит мэдрэмж" хоёрын дунд оршиж байна. "Оюу толгой" компани ус ашиглалтын үр ашигтай технологи нэвтрүүлж, "Эрдэнэт үйлдвэр" үндэсний дундажтай харьцуулахад хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллаж байгаа ч малчдын хувьд гүний усны хомсдол, бэлчээрийн талбай багасах асуудал нь санаа зовнил дагуулж буй. Энэ нь Монголд ESG-ийн "Засаглал" (G) болон "Нийгэм" (S) хэсэгт мэдээллийн ил тод байдал, иргэдийн бодит оролцоог хангах хууль эрх зүй болон институтийн зохицуулалтын цоорхой байгааr харуулж байна. "Нийгмийн нөлөөллийн үнэлгээ” (SIA)-г заавал мөрдөх хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь компаниудыг зөвхөн өөрт ашигтай, имиж төвтэй үзүүлэлтүүдийг давамгайлан тайлагнах нөхцөл бүрдүүлж бодит эрсдэлийг анхаарлын гадна үлдээх аюултай.

Цаашид Монголын уул уурхай жинхэнэ утгаараа ногоон болохын тулд "Дүйцүүлэн хамгаалал"-аас илүүтэй тухайн өртсөн талбай, орон нутагт нөхөн сэргээлт хийх нь чухал. Говьд учирсан хохирлыг Хангайд мод тарьж нөхөх нь байгаль орчны ерөнхий тэнцвэрт тустай ч, тухайн орон нутгийн экосистемийн алдагдлыг бүрэн нөхөх боломжгүй.

Иймээс ESG тайлангууд нь зөвхөн ерөнхий тоо бус, харин тухайн бүс нутгийн биологийн олон янз байдал, усны нөөцөд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан харуулдаг "амьд" баримт бичиг болон шинэчлэгдэх ёстой.

Эцсийн дүндээ, "Ногоон уурхай" бол зөвхөн техникийн нөхөн сэргээлтийн асуудлаар хязгаарлагдах ойлголт биш. Энэ нь эрдэс баялгийг олборлохдоо тухайн бүс нутгийн иргэдийн амьдрах орчныг доройтуулахгүй байх, байгалийн нөөцийг хойч үедээ үлдээхүйц нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг тэгш хүртээх засаглалын тогтолцоо бүрдүүлэх цогц хариуцлага юм. Монголын уул уурхайн салбар цаашид энэхүү сорилтыг хэрхэн даван туулахаас бидний ирээдүйн "ногоон" хөгжил шууд хамаарна.