
"Mongolia Mining 2026" үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч "Hera Equipment" компанийн Уул уурхай хариуцсан дэд захирал Б.Чинболдтой тус компанийн байр суурь, салбарын чиг хандлагын талаар ярилцлаа.
"Mongolia Mining"-д Алтан ивээн тэтгэгчээр оролцож буй ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
Бид "Mongolia Mining"-ийг зөвхөн бүтээгдэхүүн сурталчлах талбар биш, салбарын өнөөгийн нөхцөл байдал, харилцагчдын эрэлт хэрэгцээ болон ханган нийлүүлэгчдийн нөөц бололцоог нэгтгэн дүгнэдэг стратегийн чухал платформ гэж хардаг. Алтан ивээн тэтгэгчээр оролцсоноор бид зах зээлд нэвтрүүлж буй шинэ брэнд, дэвшилтэт моделиудаа танилцуулаад зогсохгүй, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх цогц шийдлүүдийг харилцагчдадаа санал болгож байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн техникүүд илүү "ухаалаг", автоматжуулсан болж байна. Энэ жилийн үзэсгэлэнгээр ямар шинэ технологийн шийдлийг онцолж байгаа вэ?
Бид салбарын чиг хандлагад нийцүүлэн, үр ашиг болон байгаль орчинд ээлтэй байдлыг хослуулсан технологиудыг санал болгодог. Өмнөх жилүүдэд бид "Tonly" брэндийн "Hybrid" буюу хосолсон хөдөлгүүрт өөрөө буулгагчийг танилцуулж байсан бол энэ жил "Tonly" брэндийн 100% цахилгаан өөрөө буулгагчийг голлон онцолж байна.
Мөн автомат хурдны хайрцагтай "Tonly" загварууд болон "Hyundai"-ийн 100 тонны экскаватор энэ жилийн экспогийн гол үзмэрүүд байх болно.
"Hera Equipment"-ийг зах зээлд ялгаж буй гол "үнэ цэн" юу вэ?
Уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн зах зээл өрсөлдөөн ихтэй ч "Hera Equipment"-ийг ялгадаг гол хүчин зүйл бол 23 жилийн тасралтгүй, тогтвортой туршлага юм. Бид 23 жилийн турш зөвхөн энэ салбарт төвлөрч, өсөж, хөгжсөн үндэсний хөрөнгө оруулалттай цорын ганц компани гэдгээрээ онцлог.
Засвар үйлчилгээ болон инженерүүдийн ур чадварыг олон улсын стандартад нийцүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
Бидний хувьд техник нийлүүлэлт бол хамтын ажиллагааны дөнгөж эхлэл. Үндсэн үнэ цэн нь "Борлуулалтын дараах цогц үйлчилгээ"-нд оршдог. Инженерүүдээ үйлдвэрлэгчдийн (Hyundai, Tonly, Wirtgen) олон улсын сургалтад тогтмол хамруулж, үйлчилгээний төвүүдээ албан ёсны дилерийн өндөр шаардлага, стандартын дагуу ажиллуулж байна.
"Mongolia Mining 2026" үзэсгэлэнгээр дамжуулж салбарын түншүүддээ болон тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчдад хандаж хэлэх үг?
Манай компанийн уриа бол "Амжилтын түнш". Энэ урианы цаана бид харилцагчдадаа зөвхөн тоног төхөөрөмж бус, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх "цогц шийдэл"-ийг хүргэх зорилго оршдог. Биднийг сонгон хамтран ажилладаг харилцагчид маань урт хугацааны, техникийн өндөр бэлэн байдал бүхий, найдвартай түншлэлийг хүлээн авдаг гэдэгт бид итгэлтэй байна.
"Mongolia Mining" үзэсгэлэн нь уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Салбарынхан хоорондоо туршлага солилцох, зах зээлийн сорилт, боломжуудыг хамтдаа хэлэлцэх, түншлэлийн шинэ харилцааг тогтоох таатай орчныг бүрдүүлдэг.
15 жилийн турш энэхүү томоохон арга хэмжээг тууштай зохион байгуулж, уул уурхайн салбарын хөгжлийг дэмжин ажиллаж буй үзэсгэлэнгийн хамт олонд талархал илэрхийлье.