
Үндэсний томоохон үйлдвэрлэгч "МЕРА Групп" уул уурхайн тэсэлгээний ажлын чухал түүхий эд болох эмульсжүүлэгч (Emulsifier) химийн бодисын шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Монгол Улс өнөөг хүртэл тэсрэх бодис үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай энэхүү түүхий эдийг 100 хувь импортоор авч ирсэн бөгөөд энэ нь ложистик, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлт тасалдах, уурхайн тасралтгүй ажиллагаанд эрсдэл учруулах бодит хүндрэлийг үүсгэдэг байв. Т27 төслийн үйлдвэр ашиглалтад орсноор МЕРА Группийн инженерүүдийн олон жилийн судалгаа, туршилтаар боловсруулсан технологийн дагуу уг түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэж эхэлж байна.
Шинэ үйлдвэр нь шингэн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэхэд шаардлагатай 8 төрлийн эмульсжүүлэгчийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр тус групп өөрийн эзэмшлийн ялгаатай технологи бүхий таван үйлдвэрийн хэрэгцээг бүрэн хангахаас гадна бусад үйлдвэрлэгчдэд тохирсон хэрэгцээг тогтвортой нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

Үйлдвэрийн технологи нь олон улсын стандартын шаардлага хангасан, бүрэн автомат, аюулгүй ажиллагааны иж бүрэн хамгаалалттай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр үйлдвэрлэл юм. Үйлдвэрлэлийн явцад ус огт ашигладаггүй, дуу чимээ, үнэр, утаа, тоос, хаягдал гаргадаггүй бөгөөд нөөцийг дахин боловсруулах, алдагдлыг багасгах ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлсэн байна.