Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Mongolian Mining Corp-ийн 2025 оны борлуулалтын орлого 823.4 сая ам.долларт хүрч, 21%-иар буурав

Б.Төгс

Тавантолгойн Ухаахудагийн уурхайд олборлолт эрхэлдэг Mongolian Mining Corporation (HKEX:975) 2025 оны жилийн эцсийн үр дүнгийн тайлангаа (2026.03.17) танилцууллаа. Уг тайланд дурдсанаар компани өнгөрсөн оны хэмжээнд нийтдээ 823.4 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ нь 2024 онд борлуулалт 1039.9 сая ам.доллар байсантай харьцуулахад 20.8%-иар буурсан дүн боллоо.

2025 оны нийт борлуулалтын орлогын 792.1 сая ам.долларыг коксжих нүүрсний борлуулалтаас олсон бол үлдсэн 31.3 сая ам.долларыг алт, мөнгөний борлуулалтын орлогоос бүрдүүлжээ.

Тус компанийн татвар, хүү, элэгдэл хорогдлын өмнөх цэвэр ашиг 2025 оны хэмжээнд 203 сая ам.доллароор хэмжигдсэн нь 2024 оны үзүүлэлттэй (495.9 сая ам.доллар) харьцуулахад 59%-иар буурлаа. Ийнхүү ашиг дундрахад коксжих нүүрсний борлуулалтын дундаж үнэ буурсан нь голлон нөлөөлжээ.

Түүнчлэн компанийн нийт ашиг 2025 онд 12.5 сая ам.доллартой тэнцсэн нь 2024 оны дүнгээс (243.5 сая ам.доллар) үлэмж буурсан үзүүлэлт боллоо.

Mongolian Mining Corporation өнгөрсөн онд нийт 14.7 сая тонн нүүрс олборлон, 15 сая тонн нүүрсийг баяжуулах үйлдвэрт боловсруулж, нийт 8.9 сая тонн угаасан нүүрсний гарцтай ажиллажээ.  Эндээс нийт 10.1 сая тонн нүүрс борлуулсан нь 2024 оны дүнгээс (8.6 сая тонн) дээгүүр гарсан хэдий ч бүтээгдэхүүний дундаж үнэ тонн тутамдаа 82.2 ам.доллар болж буурсан нь (2024 онд дундаж ханш 120.8 ам.доллар/тн) худалдааны ашиг буурах нөхцөл болжээ. Түүнчлэн өнгөрсөн онд компанийн олборлолт, боловсруулалтын зардал нэмэгдсэн бол харин тээвэрлэлтийн зардал буурчээ. Уг тайлангийн мэдээлэл цацагдсанаас хойш Хонконгийн бирж дээр тус компанийн нэгж хувьцааны ханш буурах хандлага ажиглагдаж байна.

Эх сурвалж: investing.com

Тус компани нь Баянхонгор аймгийн Шинэжинст суман дахь Баянхөндий алтны үндсэн ордод олборлолт хийж буй “Эрдэнэ Монгол” компанийн 50%-ийн эзэмшлээрээ дамжуулан 2025 оноос алт, мөнгөний борлуулалтын орлогоос ашиг хүртэж эхэлсэн нь онцлог үйл явдал байлаа. Тайланд дурдсанаар өнгөрсөн оны хэмжээнд Баянхөндий уурхайгаас нийт 365.2 мянган тонн хүдэр олборлож, 138.8 мянган тонн хүдрийг боловсруулсан байна. Ингээд төв банкинд нийт 7434 унц алт (дунджаар 4187 ам.доллар/унц ханшаар), 2634 унц мөнгө ( дунджаар 54 ам.доллар/унц ханшаар) тушааж, 31.3 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ.