Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

"ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН-2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хөрөнгө оруулалт, тогтвортой түншлэлийг хөгжүүлэх нь” уриан дор зохион байгуулагдсан “Говь-Алтай аймгийн Хөрөнгө оруулалтын чуулган–2026” нь 2026 оны 3 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд  Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар болон Засгийн газрын яам, агентлагуудын төлөөлөл мөн БНХАУ,  Вьетнам , Болгар , ОХУ,  АНУ,  ХБНГУ,  Япон,  Англи, Польш, Энэтхэг, Чех, Куба  улсын Элчин сайд болон  төлөөллүүд  мөн Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг дарга Г.Чинбат,  аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймаг, сумдын  удирдлагууд,  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон улс,  банк, санхүүгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Тус чуулганыг Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулсан ба  уг арга хэмжээ нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Аймгийн иргэд,  аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ЖДҮ, гарааны бизнес, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих  зорилгоор Голомт банкны гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Говь-Алтай аймаг-  Экспорт олон улсын худалдааны төв болон БНХАУ-ын Ганьсу мужийн Аж Үйлдвэр худалдааны холбоо, Говь-Алтай аймаг - Макс групп "5 мегабайтын салхин станц, батарей хосолсон станц"'-ын  хамтын ажиллагаа,   Говь-Алтай аймаг - "Сод газар ХХК" - Шиао Ченг технологи Сток" ХХК,  Говь-Алтай аймаг - "Цэн газар" ХХК,  Говь- Алтай аймаг - "Би Ай Би Дисковэри тогтвортой эрчим хүчний технологи"  ХХК-тай  аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц зэрэг олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр тус тус хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Чуулганы хүрээнд Говь-Алтай аймагт хэрэгжих боломжтой дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалтын боломж,  бодлогын дэмжлэг, эрх зүйн орчны шинэчлэл, бизнесийн таатай нөхцөлийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан хөгжлийн бодлого, дунд болон урт хугацааны стратеги, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэгийн механизмын талаар нээлттэй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн зохицуулалт
  • Дэд бүтэц, эрчим хүчний салбар
  • Хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл
  • Уул уурхай, байгаль орчин
  • Аялал жуулчлал, соёлын үйлдвэрлэл

Эдгээр хуралдаанаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарц гаргалгааг хэлэлцсэн нь онцлог байлаа.

Аймгийн Засаг дарга Г. Чинбат  илтгэлдээ:  “Энэхүү чуулганаар тус  аймгийн  эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж, бодлогын дэмжлэгийг ил тод хүргэхийн зэрэгцээ итгэлцэлд суурилсан, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх суурийг тавьж байна”  хэмээн онцоллоо.