Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ын дата төвүүд критикал минералын импортоос өндөр хамааралтай

Т.Бямбанаран

Хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж байгаа тул АНУ даяар дата төвүүдийг асар ихээр байгуулж байна. Хиймэл оюуны загвар, үүлэн сервер бүрийн цаана орчин үеийн тооцооллыг бодит болгодог ашигт малтмалын олон давхар сүлжээ оршдог. Хагас дамжуулагчаас эхлээд хөргөлтийн систем хүртэлх эдгээр материалууд нь дижитал дэд бүтцийн гол тулгуур юм.

Энэхүү зурагт хиймэл оюун ухааны дата төвүүдэд ашигладаг чухал ашигт малтмалуудыг задлан харуулж, АНУ эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтэд импортоос хэр зэрэг хамааралтайг тодорхойлжээ. 

Хагас дамжуулагч нь AI дата төвүүдийн “тархи” гэж хэлж болно. АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэл импортоос өндөр хамааралтай. Чип үйлдвэрлэлд ашигладаг хүнцэл, жонш, галлий, германий, индий, тантал зэрэг ашигт малтмалыг тус улс 100 хувь импортоор авдаг байна. Мөн чип үйлдвэрлэлийн чухал түүхий эд болох платиний хэрэгцээнийхээ 85%-ийг, палладийн 36%-ийг импортоор хангадаг.

Чипээс гадна серверийн платууд болон хэлхээний системийг үйлдвэрлэхэд дамжуулах чадвар өндөртэй үнэт металлууд зайлшгүй шаардлагатай. Гагнуур хийх, цахилгаан дамжуулахад хэрэгтэй мөнгө, цагаан тугалганы ихэнх хувийг АНУ импортоор авч байна. Цахилгааны утас болон холболтын үндсэн материал буюу зэсийн хувьд импортын хамаарал нь 45 хувьтай.

Харин алтны тухайд тус улс импортын хамааралгүй байгаа нь онцлог жишээ. 

AI серверүүд асар их хэмжээний дулаан ялгаруулдаг учраас хөргөлтийн систем зайлшгүй чухал үүрэгтэй. Дулаан шингээгчүүд (heat sink) хөнгөн цагаан болон зэсэд тулгуурладаг. Харин газрын ховор элементүүдийг өгөгдөл хадгалах бүрэлдэхүүнүүд болох соронзон элементүүд болон диск үйлдвэрлэлд хэрэглэдэг.

Эх сурвалж: АНУ-ын Геологийн алба (USGS)