Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Хууль бусаар алт олборлож байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд (2026.03.21) ажиллаж байна.

Энэ хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоон үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар. Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Иймд төрөөс хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ. Харин хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна" гэлээ.

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, Монгол Улсад орох татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөг дурдвал их. Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийн хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ.

Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: АҮЭБЯ