Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас “Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын компани, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд болон стратегийн орд эзэмшигчдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга C.Бямбацогт “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах санал, шийдэл”, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн хуримтлал ба хөрөнгийн удирдлагын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Газрын хэвлийн баялгийнхаа үр өгөөжөөс монгол хүн бүр тэгш шударга хүртэх Үндсэн хуулийн заалтыг бодитой хэрэгжүүлэх, үүний тулд Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, удирдлага, менежментийг нь боловсронгуй болгох, оновчтой зарцуулах, стратегийн ордуудын хувь, эзэмшлийг тогтоох асуудлаар тодорхой санал, шийдэл гаргаснаа илтгэгчид танилцуулсан. Илтгэлүүдтэй холбогдуулан уул уурхайн салбарын мэргэжлийн холбоод, компаниуд болон судлаачдын төлөөлөл байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, үр ашигтай, бие даасан, иргэд олон нийтийн хяналттай болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим үнэт зүйлийг баримталж, сайн засаглалтайгаар хөгжүүлэх зорилго тавьж, энэ талаар иргэдийнхээ санал, бодлыг сонсохоор Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд уул уурхай, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан зэрэг бүх салбарын төр, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хараат бус судлаач, шинжээчдийг хамруулсан цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.

 

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат энэ сарын 27-нд эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

“Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгыг холбогдох хууль тогтоомжийн дагуу үe шаттайгаар зохион байгуулах зорилгоор Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын алба, дэд ажын хэсгүүдийг байгуулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.

Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан.  Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.

Бэлтгэл ажлын хүрээнд "Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон.

Уул уурхайн салбарын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд, банк, санхүүгийн салбар болон залуу эрдэмтэн, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг 27-нд зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, сайжруулах боломж, шийдлийн талаар санал солилцоно гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.